Дэлхийн 27 орныг эгнээндээ нэгтгэсэн Европын холбооны Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Стефано Саннино манай улсад энэ сарын 4-7-нд ажлын айлчлал хийж байна.
Монгол Улсад хөл анх удаа хөл тавьж байгаадаа туйлын талархалтай байна хэмээн анхны сэтгэгдлээ илэрхийлсэн түүний айлчлал цар тахлын дараа Европын Холбооны зүгээс манай улсад хийж буй анхны дээд түвшний айлчлал болж байгаагаараа онцлог юм.
Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр ноён Стэфано Саннино тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Парламентын тэргүүн Г.Занданшатар, “Монгол Улс, Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай тогтоосон харилцаагаа өндрөөр үнэлдэг. Европын Холбоог манай “гуравдагч хөрш” хэмээн үздэг бөгөөд энэ нь манай гадаад харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээгээд Европын Холбоо, түүний гишүүн улсууд Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг тууштай дэмжиж ирсэн төдийгүй цар тахлын хүнд бэрх цаг үед ч ойр дотно хамтран ажилласанд талархалтай байдгаа илэрхийллээ.
Ноён Стефано Саннино нь 1959 онд Италийн Порсини хотод төрсөн. Италийн дипломат албанд багагүй хугацаанд ажиллахдаа Италиас Испани улсад суух Элчин сайдаар томилогдож байжээ. Харин Европын холбоонд 2002 оноос эхлэн ажиллах болсон бөгөөд өдгөө Гадаад харилцаа, аюулгүй байдал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байна. Түүний тэргүүлдэг гадаад Европын холбооны Гадаад харилцааны алба нь энх тайван, хөгжил цэцэглэлт, аюулгүй байдалд голлон анхаарч ажилладаг.
Ерөнхий нарийн бичгийн дарга Стефано Саннино айлчлалын талаар “Монгол Улс, Европын Холбоо нь газар зүйн хувьд алслагдсан ч, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсээр нэгдмэл байж, зүрх сэтгэлээрээ ойр байдаг. Европын холбоо нь Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг. Танай үзэсгэлэнт орны талаар илүү ихийг олж мэдэх, Европын холбоо Монгол Улсын түншлэл, энхийг сахиулах, тэр дундаа эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, аюулгүй байдал, дэлхийн геополитикийн сорилтууд болон бүс нутгийн асуудлаар ярилцах болно” гэжээ.
Монгол Улс болон Европын Холбоо 1989 онд дипломат харилцаа тогтоосноос хойш талууд олон төрлийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллаж ирсэн. Европын Холбоо нь 2017 онд Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа нээснээс хойш талуудын харилцаа хурдацтай өргөжин тэлж буй.
Хур бороо элбэгтэй ойрын өдрүүдэд манай улс зочдын хөлд дарагдаж буй. Өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хүрэлцэн ирж, Алтай дамнасан улс орнуудын Тогтвортой хөгжлийн чуулга уулзалтад оролцсон бол өнгөрсөн долоо хоногт бүс нутаг бүрээс зорин ирсэн Гадаад хэргийн эмэгтэй сайд нар анх удаа манай улсад чуулга уулзалтаа хийв. Мөн наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Киргиз улсын Ерөнхийлөгч С.Жапаров хүрэлцэн ирэх бол өнөөдрөөс Энэтхэг улсын Парламентын доод танхимын дарга Ом Бирлагийн манай улсад хийх айлчлал эхэлнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.НАНДИН
Сэтгэгдэл байхгүй байна