• Эхлэл
  • Сонгууль хүртэл юу ч битгий хийгээрэй, хотын дарга аа!

Сонгууль хүртэл юу ч битгий хийгээрэй, хотын дарга аа!

2024/01/22

Өнгөрөгч шөнө /шөнийн 23.30 цагт/ НЗДТГ-аас автобусны шинэ чиглэлүүдийг буцааж, хуучин чиглэлүүдийг сэргээсэн шийдвэрээ танилцуулсан. Үүний буруутан нь иргэд болж байх шиг байна. Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч “6500 гаруй иргэд санал, гомдол ирүүлсэн учраас шинээр гаргасан чиглэлүүдийг буцаалаа” гэсэн байна. Одоо араас нь “Бид шинэчлэл хийх нь хийсэн. Та нар өөрсдөө дэмжээгүй шүү, хохь нь ээ” гэх байлгүй. Зарим нь бүр “үхэр” энэ тэрээр нь дуудаад эхэлчихсэн байна лээ.

Уг нь бол нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд богино эргэлтүүдийг бий болгох, маршрутын тоог нэмэх гэдэг нь зөв. Х.Нямбаатар ухаантайдаа бодоод олчихсон ч юм биш. Бүр Э.Бат-Үүлийн үеэс ярьж байсан зүйл. Хэрэгжүүлэх гэж үзсэн нь Х.Нямбаатар болохоос биш. Хэрэгжүүлэхдээ бүр яаж хэрэгжүүлсэн гээч. Зүв зүгээр явж байсан чиглэлүүдийг устгаад, бүхнийг цоо шинээр хийх гэж эргүүтсэний гайгаар иргэд амралтын хоёр өдрөөрөө автобусны буудал дээр осгов. Уг нь бол “үндсэн чиглэлүүд” гэж яриад байгаа босоо, хэвтээ чиглэлүүдээ хэвээр нь үлдээгээд, эргэлтийн зайг нь богиносгоод, түүн дээрээ шинэ чиглэлүүдээ нэмээд явчихсан бол иргэдэд ч хүндрэлгүй, өөрсдөд нь ч бэрхшээлгүй байх байлаа.

Гэтэл бүгдийг нь шинээр зураад, чиглэлийн дугаарыг нь өөрчлөөд, иргэдийн хэрэглэж заншсан аппликейшнийг нь  хүртэл устгачихаад, шинэ чиглэлүүдийнхээ мэдээллийг ч урьдчилж өгөлгүйгээр шууд автобусаа явуулаад эхэлсэн. Өмнөх шөнө нь автобусны буудлууд дээр word-оор шивсэн баахан цаас аваачаад наачихсан. Бүх чиглэлүүдээ нэг дор шүү дээ. Уг нь бол өмнөх шигээ тухайн буудал дээр ирэх автобусныхаа чиглэлүүдийг ирэх, буцахаар нь үзүүлчихсэн байхад иргэд ядаж хаана хүрч, хаанаас дамжихаа мэдээд авчихна биз дээ.

Шинээр хийсэн гээд байгаа апп нь чиглэлүүдийнхээ эхлэл, төгсгөлийг заагаагүй, бүтэн тойруулаад оруулчихсан, автобусныхаа хаана явааг заадаггүй гэх мэтчилэн өмнө ашиглаж байсан апп-аас долоо дордуулаад хаячихсан. 2021 оны сонгуулиар ганцхан удаа МАН-ын апп-ыг хийсэн компани үүнээс илүү юу ч хийх вэ дээ. Тэгээд тэрийгээ бас “Үндэснийхээ компаниар хийлгэсэн. Өмнө хийлгэсэн Солонгос компаниар хийлгэвэл үнэтэй тусах гээд байсан” гэж мэлзээд байгаа. Уг нь бол Солонгосын компани “үнэгүй шинэчлэл хийж өгнө өө” гэсэн юм байна лээ шүү дээ, угаасаа анх байгуулсан гэрээ нь тийм. Гэтэл хотын дарга саяхан UB smart card компанитай байгуулсан гэрээг цуцлахдаа “Гэрээ байгуулсан цагаас хойш аппликейшны хөгжүүлэлт нэг ч удаа хийгээгүй” гэж тайлбарласан. Тэр нь хүртэл худлаа байсан. Яг шинэчлэл хийх дээрээ ирэхээрээ өөрсдөө муриад, оронд нь ямар ч туршлагагүй, өөрсдийн компанийг оруулж ирээд дампууруулж байгаа юм.

Өнөөдрөөс өмнө явж байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг сэргээж, хуучнаар нь явуулж эхэллээ. Шинээр төлөвлөсөн 74 чиглэлээс 34-ийг үргэлжлүүлэхээр болж байна. Автобусны хуучин апп нь хэвийн ажиллаад эхэлсэн байна, шинэ чиглэлүүдээ оруулчихсан байна. Анхнаасаа ингэж хийхгүй яасан бэ? гэдэг ч бас асуулт. Хийчихээд дараа нь амаа барьдаг биш, асуучихаад дараа нь хийдэг баймаар байна. Автобусанд ганц удаа сууж үзээгүй дарга нар автобусны маршрут зохиодоггүй баймаар байна. Хамгийн гол нь хийж байгаа ажил нь шийдвэр гаргаж байгаа нөхдийн төлөө биш, тэр шийдвэрт нь өртөж байгаа иргэдийнхээ төлөө баймаар байна. Х.Нямбаатар ганцаараа “алаад өгсөн” шийдвэр гаргаад, тэр шийдвэрийнх нь үзүүрт иргэд удаа дараа "алуулаад" баймааргүй байна. Жаахан ч гэсэн мэргэжлийн бай. Тэгээд болж өгвөл юу ч битгий хий, Хотын дарга аа. Тэгж байтал сонгууль ч болно...

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN

Б.ЗАЯА


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин