• Эхлэл
  • СЗХ: Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоов

СЗХ: Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоов

2024/01/23

СЗХ-ны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл хуралдаж, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоов.

Дээрх зээлийн хүүгийн дээд хэмжээ, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг энэ оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон тухай СЗХ-ноос мэдээллээ.

Нэмж мэдээлэхэд, улс орнууд хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь хэрэглэгчийг хэт өндөр хүүгийн төлбөр, өрийн дарамтад орохоос сэргийлдэг байна. Мөн зээлийн үйлчилгээг хүртээмжтэй, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэн мөнгөн зээлийн үйл ажиллагаандаа зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, хууль батлах замаар нарийвчилсан зохицуулалтыг хийдэг аж.

Зохицуулалтын ил тод байдал нь хэрэглэгчийн мэдээлэлд суурилсан илүү оновчтой шийдвэр гаргаж, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлдэг. Манай орны хувьд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа нь тодорхой зохицуулалтгүй, салбарын нэгдсэн тоо баримт, бүртгэлгүй явж ирсэн юм. Энэ нь өндөр хүү тогтоох, алданги торгууль давхардуулан тооцох зэрэг хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн сөрөг үр дагаврыг үүсгэсэн тул УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 онд баталсан юм.

 

Хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлж, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор СЗХ-ны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулан ажиллаж байна. Тус зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах чиг үүргийг хүлээжээ.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин