• Эхлэл
  • Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

2024/02/14

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд өвөлжилт хаваржилтын нөхцөл байдлын талаар танилцуулжээ.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар, нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байгаа аж. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.

Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байгаа бөгөөд улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 508 039 толгой мал хорогдоод байна.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргалаа.

Мал аж ахуйн салбарт үүсээд буй хүндрэлийг эрсдэл багатай давахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгоод шар усны үерт өртөж болзошгүй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, малчдад туслах аяныг аж ахуйн нэгж болон олон улсын байгууллага, гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулж, олон нийтэд уриалга гаргах, малчдыг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон малчдын судалгааг гаргаж, малжуулах, нийгмийн хамгаалал болон халамжийн төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах, орон нутгийн төсвийн давсан орлогыг малчдад туслах арга хэмжээнд зарцуулах зэрэг ажлыг зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгасан байна.

Түүнчлэн импортын зарим барааг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгав.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин