• Эхлэл
  • Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

2024/02/27

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 63 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82.3 хувьтай байв. Тухайлбал, 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан тул хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд болон дэд ажлын хэсгүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн  2024 онд таван зорилтын хүрээнд 147 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн нийслэл, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн газарт бүртгэлтэй, ажил хайж байгаа В, C ангилалтай жолооч нарыг автобусны мэргэшсэн жолоочийн үнэ төлбөргүй сургалтад хамруулж буй. Уг сургалтад нийт 1825 иргэн бүртгүүлснээс “D” ангилалтай 161 иргэнийг мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулан ажиллаж байна.

Сургууль, цэцэрлэг, спорт заал, дотуур байрны 158 төсөл хэрэгжиж байна

2023 онд нийслэлд 13 сургууль, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор,  ашиглалтад орж, ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадал 8880 суудал, цэцэрлэгийн хүчин чадал 240 ороор нэмэгджээ. Мөн 18 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 20 цэцэрлэгийн барилга худалдан авснаар хүчин чадал 5265 ороор нэмэгдсэн байна. Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэлд сургууль, цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, спорт заал, дотуур байрыг хамруулсан 158 төсөл, арга хэмжээ хэрэгжиж буй. Үүнээс энэ онд 48 цэцэрлэг, 27 сургууль, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулснаар цэцэрлэг 8270 ор, сургууль 17,240 суудлаар хүчин чадал нь нэмэгдэх юм.

Далан сувгийн цэвэрлэгээг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгавруудыг өглөө. Тодруулбал,

  • 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих, нийслэл болон дүүргүүдэд хийх тохижилтуудыг хооронд нь уялдуулах
  • Урт цагааны гудамж болон 32-ын тойрог орчимд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн, байгалийн чулуун хийцлэлтэй болгох бэлтгэлийг сайтар хангах
  • Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай зэрэгцэн тодорхой байршлуудад аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах
  • Нийслэлийн хэмжээнд газрын хэмжээгээ хэтрүүлэн хашаалсан иргэн, аж ахуйн нэгжийн нарийвчилсан судалгааг гарган, зөрчлийг арилгуулах
  • Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээлгэх
  • Шар усны үер болон хөрсний ус, халиа тошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах арга хэмжээ авах, далан сувгийн цэвэрлэгээг эрчимжүүлэх
  • Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх
  • Гал түймэр, үер, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах зэрэг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлж, байгууллагын харуул хамгаалалтыг сайжруулах, иргэд болон албан хаагчдын аюулгүй байдлыг хангах
  • Нийслэлийн төсвийн орлогын нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрийн бааз суурийг өргөтгөх ажлыг эрчимжүүлэх
  • Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинээр байршуулах, сэргээн засварлах бэлтгэлийг хангах зэргийг даалгасан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин