• Эхлэл
  • Зорчих хөдөлгөөнийг чөлөөлнө

Зорчих хөдөлгөөнийг чөлөөлнө

2024/04/11

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахалж буй. Тус Ажлын хэсэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн 12-р хороонд ажиллав.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, аюултай үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд хотын стандарт, хууль тогтоомжийг мөрдүүлэх чиглэлээр таван Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Өнөөдөр Чингэлтэйн өргөн чөлөө буюу 32-ын тойрог орчим, гол магистрал зам дагуу иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулахуйц том оврын техник хэрэгслүүд байрлуулсан байна. Эдгээр нь авто зам, замын бродюр, явган хүний замыг эвдэх, хөрсний бохирдол үүсгэх зэрэг асуудлууд үүсгэж байна. Тиймээс тус техникүүдийг өмчлөгч иргэн, хуулийн этгээдүүдэд тодорхой шаардлага тавьж, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд тодорхой байршил зааж өгнө. Заасан байршилд техник хэрэгслүүдээ байрлуулан, үйл ажиллагаагаа эрхлэх боломжтой. Хэрэв заасан байршилд үйл ажиллагаагаа эрхлээгүй тохиолдолд техник хэрэгслийг журамлана. Хоёрдугаарт газрыг зориулалтын бусаар ашиглаж, олгосон хэмжээнээсээ хэтрүүлэн хашаалж байгаа иргэн хуулийн этгээдэд шаардлага тавина. Шалгалтын ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа ч газартай холбоотой 1000 гаруй зөрчил илрээд байна. Энэ мэтчилэн хаягдал төмөр, аккумлятор авдаг иргэд агаар, хөрсний бохирдол үүсгэхийн зэрэгцээ иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах, саадгүй зорчих эрхэд халдаж байгаа зөрчлийг арилгуулна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус байршилд газрын хэмжээгээ хэтрүүлэн, зориулалтын бусаар ашиглаж буй аж ахуйн нэгжид зөрчлөө арилгах мэдэгдэх хуудас өгсөн юм. Тус аж ахуйн нэгж нь өмчилж буй газрын хэмжээнээсээ 200 ам метр талбайг хэтрүүлэн ашиглаж, нийтийн эзэмшлийн зам талбай руу орж, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж, хөрсний бохирдол үүсгэсэн зөрчил гаргажээ.

Энэ мэтчилэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин