Нийтлэлч Ж.Нямсүрэнгийн нийтлэлийг хүргэж байна.
“Төрийн цагдаа, шүүх бүгд МАН-ын талд ажиллаж байна. МАН-д хадаг барьж очсон нь томордог, эсрэгээрээ МАН-ыг шүүмжилсэн нь өмч хөрөнгөө хураалгуулдаг болсон”. Яг өнөөдөр М.Тулгат шиг эрх баригчдыг ингэж ил цагаан шүүмжилдэг улстөрч цөөрсөн.
Майнбаярын Тулгат Монголд төдийгүй Ардчилсан нам дотроо “ховордсон” баруун төвийн үзэл баримтлалтай либералист. Ямар сайндаа л Монголд сүүлчийн либералист Монголд үлдвэл тэр нь өөрөө байна гэдэгтээ хэзээ ч эргэлздэггүй.
Тэр байнга жижиг төр, баян иргэдийн тухай “номлоно”. Эрчим хүчний реформ хийхгүйгээр эдийн засаг тэлэх боломжгүйг хэлнэ. Төсөв томорч, төрийн эрх мэдэл нэмэгдэх хэрээр хувийн хэвшлийн орон зайг булааж, жижиг дунд үйлдвэрүүд улам шахагдаж байгаад бухимдана. Монгол Улсын төсөв хулгайчдын “халаас” болсонд дургүйцнэ.
Хүчтэй, боловсролтой, ашиг орлоготой бие даасан, хөдөлмөрч, чадварлаг монгол хүмүүсийг биш бусдаас хараат, халамж горьдсон, бие даагаагүй, сул дорой монгол хүмүүсийг “бүтээж” байгаад, монголчуудыг халамжаар угжиж монгол хүний үнэ цэнийг үгүй болгож буйд эгдүүцнэ.
Түүнд олон мөрөөдөл, олон зорилго бий. “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” шиг дахиад хоёр, гурван том ордыг ашиглалтад оруулж эдийн засгаа илүү тэлэхийг хүсдэг.
Уул уурхайн салбарт ажиллаж байсны хувьд энэ салбарын асуудал, бэрхшээлийг сайн мэднэ. Дэлхийд зэс, газрын ховор элементийн үнэ тогтвортойгоор өсч байгаа. Учир нь, дэлхийд цахилгаан машины эрэлт, нийлүүлэлт нэмэгдсэн, тиймээс газрын ховор элементээ “хав дараад” суух биш ашиглах ёстой гэсэн санал дэвшүүлнэ.
Газрын ховор элементээр Монгол Улс шинэ тоглогч болох боломжтой гэнэ. Учир нь, Монгол Улс газрын ховор элементын багагүй нөөцтэй. Үүнийгээ яаж ашиглах вэ гэдгийг маш ойлгомжтойгоор тайлбарлана. Жишээ нь, сүүлийн үед Хятад-АНУ худалдааны дайнаас болж барууны орнууд газрын ховор элемент нийлүүлэх өөр нийлүүлэгчийг эрж хайх болсон. Энэ “алтан” боломжийг монголчууд алдаж болохгүйг ярина.
Түүнтэй аль ч сэдвээр мэтгэлцэхэд урамтай байдаг. Уул уурхайгаас орж ирж байгаа баялгийн орлогыг зөв, үр ашигтай зарцуулж, төрийн оролцоо дарамтыг багасгах, хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх, эрчим хүч, тээвэр ложистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гээд уг нь түүний зөвлөгөөг сонсвол авах санаа цөөнгүй.
Дэлхий дахин өнөөдөр хиймэл оюун ухаан, хиймэл дагуулын тухай ярьж байна. Сансар огторгуйгаас хөрөнгө босгож байна. Атал монголчууд морь, мал яриад хөмөрсөн тогоондоо үлдэж болохгүй.
Энэ бол М.Тулгатын хамгийн их ярьдаг сэдэв. AI, AGI, ASI гээд хиймэл оюун ухааны эрин үед шилжихэд монголчуудад юу, юу хэрэгтэйг тайлбарлана. Хиймэл оюун ухаан нь “Big data” дээр тулгуурлан ажилладаг юм байна л даа. Атал Монголд дата өгөгдлийн хуримтлал үүсдэггүй, дата сервер нь хүрэлцдэггүй юм байна. Мөн эрчим хүч их шаарддаг болохоор эрчим хүчээ “аргалж” өвөлждөг улсын хувьд цахилгаан нийлүүлдэг эх үүсвэрээ нэмэгдүүлэхээс аргагүй аж. Эрчим хүчний эс үүсвэрийг нэмэхийн тулд энэ салбарт реформ хийх ёстой. Хамгийн эхлээд эрчим хүчний салбар дахь төрийн оролцоог бууруулж, гадаадаас хөрөнгө оруулалт татвал дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадагшаа нийлүүлэх гарц гаргалгаа ч хэдийнэ олоод харчихаж.
М.Тулгат бол үзэл санааны улстөрч. Ардчилсан нам албан бусаар хоёр хуваагдаж, хоёр тамгатай, хоёр даргатай болох үед тэр бууриа сахиж үлдсэн ардчиллын цөөн залуусын нэг. Мөнгөтэй, нөлөөтэй ах нарыг аялдан дагаагүй, баруун төвийн үзэл баримтлал дээрээ үнэнч зогссон. Ардчилсан нам С.Эрдэнэ, Х.Баттулга гэх хоёр хүний “зодоон” болох ёсгүй, ардчиллыг хэн нэгэн өмчлөх эрхгүй гэсэндээ тэр л дээ. АН-д гэнэт хайртай болж, албан тушаалд гүйгээд очсон, нэр дэвшсэн, жагсаалтад бичигдсэн хүмүүс алсаас анхааралтай ажиглаад, аль ялсан талд нь очихоо хүлээгээд сууж байсан. Харин М.Тулгатаас ийм бэртэгчин зан гараагүй. Тэр Ардчилсан намыг хэн нэгэн хувь хүний халаасны компани болгохгүй төлөө тэр тэмцсэн. Түүний тэмцлийн үр дүнд АН өнөөдөр нэг дээвэр дор эвлэж, нэгдээд явж байна.
Майнбаярын Тулгатын байнга ярьдаг бас нэгэн сэдэв нь нийгмийн даатгалын тогтолцоо. Монголын нийгмийн даатгал иргэд, аж ахуйн нэгжүүдэд том дарамт болдог хэр нь тэр хэмжээгээрээ ирээдүйн баталгаа болж чаддаггүй. Нэг ёсондоо, нийгмийн даатгалын тогтолцоо нь дахин хуваарилалтын зарчмаар явагддаг. Тэгвэл М.Тулгат үүнийг өөрчлөхийг хүсдэг. Нийгмийн даатгалын шимтгэл бодит хуримтлал болдог, ирээдүйн баталгаа нь байлгахыг зорьж яваа.
Гадаадын ахмадууд гадагш дотогш аялах хөрөнгөтэй байхад манай ахмадуудыг 100-200 мянган төгрөгийн “насны хишиг”-ээр нь хуураад сууж болохгүй гэдэг хүн.
-Тэгвэл эрх баригчид яагаад үүнийг өөрчлөхгүй байгаа юм бэ?
-Нийгмийн даатгалын сангаар төсвийн алдагдлыг нөхөж ирсэнтэй холбоотой. Үүнийг өөрчлөх сонирхол МАН-д алга. Банкнуудын лобби ч явдаг байхыг үгүйсгэхгүй. Баялагтаа эзэн монгол гээд пиардаад байна, уг нь энэ тэтгэврийн санг хөрөнгийн зах зээлтэй холбосноор иргэд уул уурхайг хувьцааг худалдаж авна, олон нийтийн хяналт орж ирнэ.
Тэр ингэж хариулсан.
Хүний хөгжлийн индексээр Монгол Улсаа дэлхийд эхний 50-д багтаах гоё зорилготой. Түүнийхээ төлөө УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшиж байна. Түүний тухай нэг зүйлийг амлаж чадна. Тэр хэзээ ч авлига авахгүй, автобусны мөнгө хулгайлахгүй. Банк тонохгүй, замын мөнгө тоншихгүй.
Хэзээ нэгэн цагт Монгол Улс ардчиллаараа гоёсон, эдийн засаг нь тэлсэн байна гэдэгт би эргэлздэггүй. Ирж яваа цагийн өнгийг би М.Тулгатын мөрөөдөл, зорилгоос харж байна.
Сэтгэгдэл байхгүй байна