
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг өнгөрөгч пүрэв гаригийн чуулганаар хэлэлцэх эсэхийг нь дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54 хувийн саналаар “үзэл баримтлалын хувьд” дэмжсэн. Мөн төслийн зарим зүйл заалттай санал нийлэхгүй гишүүд олон бий. Тиймээс УИХ-аас ажлын хэсэг томилогдож ажиллах байх.
Эсэргүүцэж байгаа гишүүдийн хувьд “Ёс зүйг хуульчилж болохгүй. Социализм, коммунизм руугаа буцах нь”, “Жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах нь улс төрийн намын асуудал болчихоор намын даргын дарангуйлал тогтоно”, эсвэл “Ерөнхийлөгч парламентыг дархлааг сулруулж байна” гэх мэт шүүмжлэлийг хэлж байгаа.
Тухайлбал, өөртэй нь холбоотой 48 удаагийн гомдлыг Ёс зүйн дэд хороогоор дамжуулан хүлээж аваад байгаа гишүүн М.Нарантуяа “Би бол хамгийн өндөр ёс суртахуунтай хүн” гэдэг мэдэгдлийг хийсэн зэргээс харахад манай УИХ-ын гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүний баримтлах ёс зүйг өөрсдийн буюу хувийнхаа үнэлэмжээр хэмждэг бололтой юм. Өмнө нь “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг санаачлан батлуулах нь энэ парламентын хугацаанд миний хийх ёстой ганц зүйл”, “Хуулийн төсөл өргөн барьсан Ерөнхийлөгчдөө баярлалаа” гэх мэт мэдэгдлийг хийж байсан эрхэм гишүүн гэнэт яагаад хэлсэн үгнээсээ буцсан нь бас л нэг таавар.
Ерөнхийдөө манай гишүүд УИХ-ын гишүүний ёс зүй гэдэг зүйлийг УИХ-ын гишүүд өөрсдөө тогтоодог, тодорхойлдог гэж эндүүрээд байх шиг байна. Гэвч энэ бол парламент буюу гишүүдээс эх сурвалжтай бус, харин тэднийг сонгосон иргэдээс эх сурвалжтэй хэм хэмжээ юм. Иргэд, сонгогчид сонгосон гишүүдээсээ нэхэж буй ёс суртахууны хэм хэмжээ. Тэр хэм хэмжээг парламент “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм” болгож батлаад, нийт гишүүддээ дагаж мөрдөхийг үүрэг болгодог. УИХ-ын 2021 оны 105 дугаар тогтоолоор баталсан.
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд гишүүний ёс зүйн хэм хэмжээ болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлагуудыг тов тодорхой заагаад өгчихсөн. Хамгийн наад зах нь “Гишүүн өвчтэй, чөлөөтэй, албан томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд ирж оролцоно” гэх мэтчилэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм нь УИХ-аас гаргасан бусад шийдвэрийн адил хүчин төгөлдөр, УИХ-ын гишүүд нэг бүрчлэн дагаж мөрдөх үүрэгтэй. Үүгээрээ М.Нарантуяа гишүүний яриад байгаа “хувийн өндөр ёс суртахуун”-аас тэс өөр зүйл юм.
Жишээ нь, М.Нарантуяа гишүүний хувьд юуг ёс суртахуунтай байх гэж үздэг нь тухайн хүний хувийн үзэл бодол буюу үнэлэмжийн асуудал. Харин ёс зүй гэдэг бол дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ. Гэтэл манай гишүүд үүнийг “УИХ-ын тогтоол бол хууль биш, дагаж мөрдөх шаардлагагүй” гэж үздэг юм байна.
УИХ-ын гишүүн төдийгүй нийгмийн салбар бүхэнд өөр өөрсдийн мөрддөг ёс зүйн дүрэм буюу хэм хэмжээ бий. Багшийн, эмчийн, төрийн албан хаагчийн гэх мэт. Эдгээр хүмүүс мэргэжлийн болон албаны ёс зүйгээ зөрчсөний төлөө ажлаасаа халагдаж, чөлөөлөгдөж, хариуцлагаа хүлээдэг. Энэ бол эрүүгийн хариуцлага биш. Гэтэл манай гишүүд “Эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй, шүүхээр ял хүлээгээгүй л бол гишүүний бүрэн эрхэд хэн ч халдах ёсгүй” гэж үздэг юм байна. Үүнийгээ сонгогчийн өгсөн мандатаар халхавчилж байна. “Иргэд сонгуулиар дүнгээ тавьчих юман дээр яагаад хууль баталж эгүүлэн татах гээд байгаа юм” гэж дургүйцэж байна. Нэгэнт сонгогдсон бол дөрвөн жил “бандан тас” гэж маргаж байна. Дөрвөн жил гэдэг гишүүдийн хувьд ганцхан бүрэн эрхийн хугацаа байдаг бол улс орны хөгжил, иргэдийн амьдралд маш урт хугацаа. Энэ хугацаанд нийгэм, улс орны хөгжил яаж уруудаж болдгийг бид амьдралаараа туулж байна. Тэр нь парламент буюу хууль тогтоох байгууллагаасаа эхтэй байх нь асуудлыг улам бүр хүндрүүлж байна.
Тиймээс УИХ-ын гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах нь гишүүдийн бүрэн эрх гэхээсээ илүү иргэдийн нийтийн эрх ашигтай холбоотой зүйл юм. Дүрмээр зохицуулж болохгүй бол хууль гаргаад албадлагаар хэрэгжүүлье л гэдэг санаа. Энэ бол Ерөнхийлөгчийн санаачлага гэхээсээ илүү иргэд, сонгогчдоос тавьж байгаа шаардлага. Хуулийн төсөл болгож өргөн барьсан л Ерөнхийлөгч болохоос биш. Яагаад гэвэл парламент өөрөө хэзээ ч ийм хуулийн төсөл өргөн барихгүй юм байна. Тиймээс бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг өргөн барилаа.
УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, парламентын тулхтай гишүүдийн нэг асан Р.Гончигдорж хүртэл “Гишүүнийг эгүүлэн татна гэдэг нь тухайн гишүүнд болон намд өгсөн саналыг хүчингүй болгож байгаа хэрэг” гэсэн байна лээ. Гэтэл ард нь сонгогчийн эрх гэж юм бий. Сонгож болсон юм буцаагаад буулгадаг эрх нь ч гэсэн сонгогчид байх ёстой. Энэ тухай лав иргэдийн зүгээс сүүлийн хоёр, гурван парламент дамжин ярьж байгаа.
Манай гишүүд "Ёс зүйг хуульчилдаггүй, хөгжсөн орнууд тэгдэггүй. Хойд Солонгос болох гээ юу" гэлцээд байх шиг байна лээ. Гэтэл тэр хөгжсөн орнуудад чинь өөрсдөө уучлал гуйгаад огцордог. Үүнийг "ёс зүй" гэдэг. Харин манайд тийм түүх бий юу?
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн тухай Цэц дүгнэлтээ танилцуулбал УИХ эгүүлэн татна гэснийг "УИХ-ын бүрэн эрхэд халдлаа. Цэцийн шийдвэрээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох гэж байна” гэсэн байна лээ. Ганц Р.Гончигдорж ч биш, УИХ-ын гишүүдийн зүгээс ч үүнийг ярьж байгаа. Гэтэл одоогийн хуульд нь Цэц хоёр өөр салаа утгатай дүгнэлт гаргахаар байгаа. УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх, мөн УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэлтэй эсэхээр хоёр өөр дүгнэлт гаргахаар бичсэн байгаа. /Үндсэн хуулийн 66.3, 66.4/
Уг нь бол хянал тавьж байгаа асуудал нь нэг. УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай. Хянасан асуудал нь нэг байхад яагаад хоёр өөр дүгнэлт гаргах ёстой вэ? гэдэг асуулт. Тиймээс өргөн барьсан хуулийн төсөлд “УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлтээ УИХ-д танилцуулсан бол УИХ уг гишүүнийг эгүүлэн татна” гэж нэг мөр зохицуулахаар бичсэн байна.
Тухайлбал, өнгөрөгч 2025 оны аравдугаар сарын 17-нд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг Цэц гаргасан. Цэцийн дүгнэлтэд хоёр зүйлийг дурьдсан байдаг. Нэгдүгээрт, УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн. Хоёрдугаарт, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт. Цэцийн дүгнэлтээр УИХ-ын тогтоол хүчингүй болж, Г.Занданшатарын Засгийн газар үргэлжлүүлэн ажилласан болсон боловч Х.Булгантуяа гишүүний бүрэн эрх хэвээр үлдсэн. Хоёр өөр стандарт.
Нэгэнт, УИХ дүгнэлтийг хүлээж аваад тогтоолоо хүчингүй болгосон, Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн учраас өнөөдөр Цэцийн дүгнэлт зөв, буруу тухай маргаан байхгүй. Харин хүлээх хариуцлага нь тодорхой байх ёстой. Тиймээс УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэдэг Цэцийн дүгнэлт гарсан, дүгнэлтээ УИХ-д танилцуулсан л бол УИХ уг гишүүнийг эгүүлэн татахаар хуулийн төсөлд зааж өгсөн байдаг. Давхар стандартыг үгүй хийсэн гэсэн үг.
Гуравдугаарт, нэгэнт УИХ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг олонхиороо дэмжсэн учраас өнөөдөр “Ерөнхийлөгч өргөн барьсан нь буруу, зөв байсан” тухай маргаан байхгүй. Одоо бол аль заалтыг яаж сайжруулах, засч залруулах, батлах уу, үгүй юу тухай л ярих ёстой. Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх, нийтийн эрх ашиг хаахна байх ёстой тухай ярих ёстой. Хуулийн зүйл, заалтаа барьж маргах ёстой болохоос биш “коммунизм тогтох гэж байна”, “парламентын дархлаа үгүй боллоо” гэх мэт субьектив дүгнэлтүүд ямар ч ач холбогдолгүй болсон.
Гэмт хэрэг үйлдсэн тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаар гишүүний бүрэн эрх дуусдагтай адил Үндсэн хуулийн цэцийн шийдвэр ч гэсэн ийм хүчин чадалтай байх ёстой. Үүнийг л "процессжуулах" гээд байгаа юм. Өмнөх хэлэлцүүлгүүд дээр "Үндсэн хуульд эгүүлэн татах заалт байгаа боловч процесс нь алга" гээд шогшроод байцгаасан биз дээ. Одоо УИХ өөрөө тэр процессийг нь хуульчлах үүрэгтэй боллоо.
ЭХ СУРВАЛЖ; INEWS.MN
Нийтлэлч СЭМҮҮН


Сэтгэгдэл байхгүй байна