• Эхлэл
  • Жамбалын Нямаа: ТББ-ыг хийх “ажил”-гүй болтол нь төр ажиллах ёстой

Жамбалын Нямаа: ТББ-ыг хийх “ажил”-гүй болтол нь төр ажиллах ёстой

2024/09/24

Буриад, Халимаг, Тува, Өвөрмонгол, Монгол багачууд оролцсон “Өхөөрдөм гоёо” Монгол туургатны хүүхдийн хувцас загварын наадам /2018 он/, өсвөр насны охидын боловсролд чиглэсэн олон ажил зохион байгуулдаг “Нарны охид” төсөл /2017/, өсвөр насныханд урлаг, гоо зүйн чиглэлээр боловсрол олгох “Нандин нас” төслийг дэмжиж, хамтран ажилладаг гээд чамгүй олон ажлыг эхлүүлж, бүтээж байгаа бүсгүй Жамбалын Нямаа.

Түүний санаачилсан “Нарны охид” төслийн хүрээнд эдүгээ Дундговь, Орхон, нийслэлийн Налайх дүүрэгт өсвөр насныханд боловсрол олгох танхимуудыг тохижуулж, ном уншлага, танин мэдэхүйн олон арга хэмжээ зохион байгуулдаг, “Мянган цэцэгсийн чуулган”-ыг 2019 оноос аравдугаар сарын 11-нд жил бүр тэмдэглэж байгаа бөгөөд 2023 онд Төрийн ордонд Монголын залуучуудын холбооны Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулжсан гээд хийж хэрэгжүүлсэн ажил олон.

Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дэд дарга, МЗХ-ны Нийгмийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч, тус холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн, Монгол туургатан Эх үрсийн нийгэмлэг, “Дундговь хөгжил” ТББ-ийн Тэргүүн гээд түүний тодотгол олон. Гэхдээ билэгдлийн төдий цол гуншинтан эсвэл одоо хийнэ гэж амлагчдын нэг гэж бүү эндүүрээрэй. Яагаад гэвэл тэртээгээс хийсэн ажил нь түүнийг илтгэнэ. Наад зах нь тун удахгүй Мод тарих өдрүүд эхэлж, элдэв улстөрчид хүрз бариад мод тарьж эхлэх бол Нямаа 7 жилийн өмнө Дундговь аймагт мод тарьсан 10 газартаа зогсч байх вий. Ийнхүү тодотговол олныг өгүүлэх шаардлагатай ч энэ удаад товч ярилцлагыг хүргэе.

-Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа тун удахгүй эхлэх гэж байгаа энэ өдрүүдэд, аймаг нийслэл, сум дүүрэгт нэр дэвшигчдийн нэрс хэдийнэ тодорч, ил далд сурталчилгаа эхлээд байгаа. Хүмүүс ч хэн, хаана нэр дэвшиж байгааг тоймлоод эхэлсэн. Жишээлбэл та, Хан-Уул дүүргийн Ардчилсан намаас нэр дэвшиж байх шиг байна?

-Урьдчилан анхааруулахад сонгуулийн сурталчилгаа эхлээгүй, нэр дэвшигчдийг албан ёсоор батламжлаагүй байгаа. Хан-Уул дүүргийн Ардчилсан намаас нэр дэвших эрхээ аваад байна. Бас 1-р хороо гэж их бэлэгшээж байгаа. УИХ-ын сонгуулийн үеэр ч яг энэ 1,2-р хороондоо АН-ын нэр дэвшигчдээ дэмжин ажилласан.

-Хэдхэн сарын өмнө таныг ч бас УИХ-ын сонгуульд нэр дэвших нь гэсэн таамаг дэгдэж байсан. Яагаад УИХ, эсвэл одоо НИТХ-д нэр дэвшээгүй юм бэ?

-Надаас яг энэ асуултыг олон хүн асууж байгаа. Зарим нь ч хороонд нэр дэвшиж байгаа юм уу гэж гайхах жишээний. УИХ-ын сонгуулийн өмнө ч нэр дэвшээч гэсэн хандлага гарч байсан. Гэхдээ би маш их бодсон. Улстөрд орно, улстөрд амжилт гаргана гэдэг УИХ, НИТХ-ийн сонгуулиар хязгаарлагдахгүй шүү дээ.  Улс төр гэдэг урт бодлого, уртын тоглоом. Миний өмнө урт зам байгаа. Ул суурьтай, урт настай, урт бодлоготой байж би ихийг бүтээнэ гэж өөртөө хэлсэн. Өнөөдөр ч надаас гайхаж асууж байгаа хүмүүст хэлж байгаа.

УИХ-ын, НИТХ-ын гишүүн болж байж, асуудал шийдэж, амжилтанд хүрдэг юм биш ээ. Энэ л хороонд, энэ гудамжинд амьдралын бүх өнгө төрх, нарийн нандин, тулгамдсан асуудлууд, гарц гаргалгаа байдаг юм. Эндээс л бүх шийдвэр, бодлого гарах ёстой юм.

Би нэг хороог Улаанбаатар хотын хэмжээнд жишиг хороо болгож чадахаар ажиллаж чадахгүй бол, нэг хорооны иргэдийн асуудлыг ойлгож, шийдэж чадахгүй бол улс төрд орно, орсон гэж сэвэлзэх ёсгүй гэж боддог.

Магадгүй дараа нь бодлого төлөвлөх, шийдвэр гаргах төвшинд ажиллах ёстой.

Надад зорилго байгаа учраас миний зам урт.

Тэгээд гайхаж байгаа, эсвэл эргэлзэж байгаа бүх хүмүүст та нар намайг хараарай, төлөвлөсөн зорьсон ажлуудыг маань хараад зэмлэх үү, басамжлах уу гэдгээ тухайн үедээ шийдээрэй гэж хэлж байгаа. 

-Өөрөөр хэлбэл, улстөрд эргэлт буцалтгүй ээ л гэж үү?

УИХ-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч боллоо гээд ойд төөрсөн сармагчин асуудлаа мэдэхгүй төөрөөд, эсвэл шиг шахалт, хавчилтанд янз бүрийн зүйл дунд юу ч хийж чадахгүй байх магадлалтай шүү дээ, өнөөгийн нийгэмд. Юу ч хийж чадахгүй байгаа хүмүүс ч зөндөө бий.

Би говь нутгаа моджуулахын тулд 2017 оноос 10 га газар мод тариад, арчлаад явж байгаа Дундговь хөгжлийн төлөө ТББ-ийн Тэргүүн, МЗХ-ны Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн гээд л чадлаараа нийгмийн ажлууд хийгээд л яваа. Гэхдээ л үр дүнг нь бодохоор өөрийгөө чамладаг.

Ер нь манай ТББ-ийнхан нийгмийн аль л болохгүй, бүтэхгүй, доголдоод байгаа, сэтгэл эмзэглүүлсэн асуудлууд дээр өөрсдийнхөө хамаг чадлаараа л ажилладаг.  Тэглээ ч хүч нь хүрдэггүй. Яалт ч үгүй бодлогын төвшний хүч туслалцаа шаардагдаж, хана хэрэмтэй тулдаг. Тэгсэн ч шантрахгүй ажиллаж л байдаг ТББ-ууд зөндөө.

Уг нь ТББ-уудыг хийх ажилгүй болтол нь төрийн бодлого сайн байх ёстой. Харамсалтай нь, төрийн бодлого ийм байж чадахгүй байна. Тиймээс асуудлыг хууль зүйн төвшинд шийдвэрлэхийн тулд улстөрд орохоос өөр аргагүй гэдгийг ойлгосон, мэдэрсэн. Гэхдээ яг анхан шатнаас нь, амьдрал дотроос нь эхлэх ёстой.  

-Ер нь нийгмийн чиглэлээр ажиллаж байсан хүмүүс яалт ч үгүй улстөрд ордог, эсвэл улстөрийн ханатай тулгардаг юм байна, тийм үү?

-Би хар багаасаа л нийгмийн ажил хийсэн. Хэзээ ч эрх ашиг, мөнгөний төлөө явж байгаагүй, өөрөө санхүүжүүлээд, эсвэл санхүүжилт босгож аль болох боломжоороомажиллаж ирсэн.  21 настайгаасаа Выставка-д лангуу ажиллуулж, мөнгө, санхүүтэй харьцаж сурсан, Өөрийнхөө амьдралыг хангалттай төвшинд авч явж ирсэн.  

Ер нь бол зарим хүмүүс мөнгө олох гэж, улстөрийг өөрийнхөө хэрэгцээг хангах гэж улстөрд орж ирж байгаа нь нууц биш. Олон нийт ч мэднэ. Өөрийнхөө амьдралын хэрэгцээг хангаж чадаагүй, эсвэл улстөрийг бизнес болгох гэсэн заваан бодолтой улстөрд орж ирсэн хүмүүс өөрөө мэдэлгүй гадныхны халаасанд гулсаад ордог. Өлсгөлөн сэтгэлгээгээ тайлаагүй, ууж идэхээс өөр юм мэдэхгүй улстөрчид өнөөдрийн Монголыг ямар болгоод байгааг бүгд мэддэг, ярьдаг. Ийм байдлаар улстөрийг амьдралынхаа хэрэгцээг хангах зам болгодог хүмүүс ард иргэдийг ядуу, тэнэг байлгахыг л хүсдэг, зорьдог.

Ард түмнийг ядуу амьдруулах энэ зорилго, бодлогоо харин ч нэг асар амжилттай хэрэгжүүлж биелүүлж байгаа. Элий балай амьдралд ямар ч хэрэггүй мэдээллээр иргэдийг яг төмрийн үртэс цаасан дээр тавиад соронзоор татаж, ийш нь тийш нь савлуулж хуйлруулж байдаг шиг иргэдээрээ тоглож байдгийг та бид бүгд мэднэ. Ийм байдалд би улстөрд орох ёстой л гэж шийдсэн. Ингээд дахиад дээр хэлсэн үгээ дахиад давтаж хэлье. Миний зам урт шүү, намайг хараарай.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

"Өдрийн сонин" 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин