Австри улсад өчигдөр болсон парламентын сонгуульд Херберт Кикл тэргүүтэй Австрийн Эрх чөлөөний нам бусад улс төрийн хүчнүүдээс хамгийн олон суудал авчээ.
Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээллээр, Киклийн нам сонгогчдын 29,2 хувийн санал авсан бол Австрийн Ардын нам 26,5 хувийн, Социал демократ нам 21 хувийн санал тус тус авч эхний гуравт багтсан байна. Эдгээр гурван нам парламентад 58, 52, 41 суудалтай болж байна.
Үүнээс харвал, Австрийн эрх чөлөөний нам парламентад үнэмлэхүй олонх болоход олон суудал дутуу байгаагаас гадна Ардын намын дарга Карл Нехаммер сонгуулийн өмнө мэдэгдэхдээ, Киклтэй хамтран эвсэл байгуулах боломжгүй гэдгийг шууд хэлж байсан юм.
Энэ удаагийн сонгуульд 6,3 сая австричууд оролцсон нь нийт сонгогчдын 74,9 хувь болж байна. Ням гаргийн орой сонгуулийн урьдчилсан дүнг зарлах үед 55 настай Х.Кикл хэлэхдээ “манай нам шинэ эрин үеий үүд хаалгыг нээлээ” гэв. Мөн парламентад суудалтай бүх намтай хамтран засгийн газар байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
1956 онд байгуулагдсан Австрийн эрх чөлөөний нам өмнө нь гурван ч удаа засгийн газрын бүрэлдэхүүнд орж байсан юм.
Харин одоо “Европы эсрэг байр суурь” ба Украинд халдсан Оросыг буруушаахгүй байгаа зэргээс шалтгаалан Ардын нам, Ногоон нам хоёр Киклтэй эвсэхгүй гэдгээ мэдэгдээд байна.
Кикл мэдэгдэхдээ, Европын Холбоонд элсэх гэсэн Украины амбицийг зогсоож, Киевтэй хийж буй хэлэлцээнд хориг тавина гэж байсан юм. Түүнээс гадна, цагаачдыг нэвтрүүлэхгүйн тулд “Австри хэрэм” барина гэж мэдэгдэж байлаа. Мөн Оросын хий Австрид хэрэгтэй байгаа учраас юуны түрүүнд үндэсний эрх ашгаа эрхэмлэнэ гэдгээ хэлж байв.
Сэтгэгдэл байхгүй байна