НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Казань хотод хүрэлцэн ирсэн тухай Татарстаны Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба мэдээлэв.
Нисэх онгоцны буудалд түүнийг Бүгд Найрамдах Татарстан Улсын Төрийн Зөвлөлийн дарга Фарид Мухаметшин угтан авсан байна. А.Гутерриш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй пүрэв гарагт уулзах бөгөөд тэрбээр Украины хямралын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Казань хотноо болж байна. Тус бүлэг нь 2006 онд анх байгуулагдахдаа БРИК гэсэн нэртэй байсан бөгөөд 2010 онд Өмнөд Африк нэгдсэнээр нэрээ БРИКС болгон өөрчилсөн түүхтэй. Энэ оны нэгдүгээр сарын 1-нд Египет, Иран, АНЭУ, Саудын Араб, Этиоп улсууд тус бүлгийн бүрэн эрхт гишүүн болжээ. Казань хотноо болж буй дээд хэмжээний уулзалт нь шинэ гишүүд оролцож буй анхны уулзалт болж буй юм. Энэ удаагийн уулзалтад 30 гаруй орны төлөөлөгчид оролцох төлөвтэй байгаа бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамапоса нар Казань хотноо хүрэлцэн ирээд байна.
BBC энэхүү уулзалтын талаар
Украин дахь түрэмгийллийн төлөө барууны орнууд хориг арга хэмжээ авч, улс орных нь эдийн засаг агшсан, Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалтай тулгарсан зэрэг нөхцөл байдалд буй ОХУ-ын ерөнхийлөгч Путин "BRICS"-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж байна гэж мэдээлжээ. Үүнд:
Кремль энэ уулзалтыг ОХУ-д болж буй хамгийн томоохон хэмжээний гадаад бодлогын арга хэмжээ гэж нэрлэсэн юм.
Харин зөвлөх үйлчилгээний "Macro-Advisory" фирмийн үндэслэгч Крис Вийфер "Энэ арга хэмжээгээр Оросыг тусгаарлах оролдлого бүтэлгүйтсэн гэдэг мессежийг хүргэж байна. Энэ бол ОХУ хориг арга хэмжээг тэсвэрлэж чадаж байна гэх Кремлийн мессежийн нэгээхэн хэсэг. Ил харагдахгүй хүчтэй хямралууд байгааг бид мэднэ. Гэхдээ геополитикийн түвшинд ОХУ ийм олон найз нөхөдтэй байна" гэж хэлжээ.
Оросын анд нөхөд гэдэгт Бразил, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк буюу "BRICS"-ын анхны гишүүд багтааж байна. Тус бүлэг Египет, Этиоп, Иран, Арабын нэгдсэн Эмиратаар мөн бүл нэмээд буй билээ. Саудын Араб ч бас бүлэгт элсэх урилга хүлээн авсан. Мөн бүлэгт элсэх хүсэлтэй 30 улс байгаа гэж ОХУ мэдэгджээ.
"BRICS"-ын орнууд дэлхийн хүн амын 45 хувийг эзэлдэг. Мөн эдийн засгийн нийт хэмжээ нь 28.5 их наяд ам.доллар давна. Энэ нь дэлхийн эдийн засгийн 28 хувь гэсэн үг юм.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Сэтгэгдэл байхгүй байна