“Улаанбаатар марафон-2025” уралдааны бүртгэл маргааш дуусна.
Энэхүү уралдаанд өнөөдрийн байдлаар 17.744 оролцогч бүртгүүлээд байна. Үүнээс хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бөгөөд 2951 оролцогч бүртгүүлжээ. Тэгвэл эрүүл мэндийн гүйлт болох 5 км-т хамгийн олон буюу 10 мянга гаруй, 10 км-ийн зайд 2369 оролцогч бүртгүүлсэн байна.
Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 18-34, 35-54, 55-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангилалд 1930 оролцогч, бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангилалд 280 оролцогч бүртгүүлжээ.
21 км болон 42 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаарыг Спортын төв ордон болон Хангарди ордонд өнөөдрөөс олгож эхэлж байгаа аж. Мөн нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир спортын хороодын байранд 1.5 км болон 5 км-т бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар олгож байна.
“Улаанбаатар марафон-2025”-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүст дараах цэгүүдэд энгэрийн дугаар олгож байна.
-Спортын төв ордны 1 давхарт
-Сүхбаатарын талбайн том асар
-Нийслэлийн Хангарди ордон ХУД
“Улаанбаатар марафон-2025” уралдаан энэ сарын 24-нд болно.
Сэтгэгдэл байхгүй байна