
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд хэд хэдэн үүрэг, чиглэл өгснийг ЗГХЭГ-ыг дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ танилцууллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоноос хойш Засгийн газрын гишүүд, бүх шатны байгууллага, албан тушаалтан, аймаг, орон нутгийн удирдлагуудад хууль тогтоомжийг хэрэгжүүлж, ажлын арга барилдаа эрс өөрчлөлт гаргах хугацаатай үүргийг өгөөд байна. Тухайлбал, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, хүнд сурталыг халах, ажил, иргэдэд саад дарамт учруулж байгаа этгээдүүдэд хууль, журмын дагуу хариуцлага тооцож байх Шуурхай багийг Засгийн газрын түвшинд байгуулж ажиллуулахаар болжээ.
Төрийн албан хаагчдын дунд аттестатчилалыг хийж, чаддаг нь ажиллаж, чаддаггүй нь төрийн албыг орхих ёстой гэсэн байр суурийг Ерөнхий сайд баримталж байна. Төрийн албаны хэмжээнд дөнгөж 53.8 хувьд нь ажиллаж байгаа Ёс зүйн дэд хороодыг бүх шатанд гүйцээх үүрэг өгчээ.
Төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор "Digital first" бодлогыг хэрэгжүүлэх, төрөл бүрийн зөвшөөрөл олгох, бүртгэх, сунгах, шат дамжлагын тоог 50 хувиар бууруулах, зөвшөөрөл авах хүсэлтэд 14-21 хоногийн дотор хариу өгөхүй бол зөвшөөрөл олгосонд тооцох зарчмыг бодитоор хэрэгжүүлэхээр үүрэг өгчээ.
Мөн хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим чанд баримтлах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллийг иргэдэд хүргэх зэргээр ажиллах шаардлага тавьж байна. Энэхүү Албан даалгаврын хэрэгжилт, биелэлтэд хатуу хяналт тавьж, хууль зөрчсөн, хүнд суртал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, иргэдэд ил тод, нээлттэй мэдээлж ажиллахыг үүрэг болгожээ.
ЗГХЭГ-ын дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “ Шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш хоосон юм амлаагүй. Чиг үүрэг нь давхардсан зөвлөх, хороо, үндэсний комиссууд, нэгжүүдийг татан буулгах ажлыг зохион байгуулсан. Үүний хүрээнд 69.9 тэрбум төгрөгийн хэмнэхээр болсон. Зөвхөн Улаанбаатарт биш аймаг, сумдад давхардсан нэгжүүд олон байна. Тэр болгоныг цомхотгоно. Мөн хоёр их наяд, 44 тэрбум төгрөгийн улсын төсвөөс хэмнэсэн.
Иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр ачаалал нэмж буй Татварын багц хуулийг өөрчлөх, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг боловсруулж оруулж ирэхийг холбогдох сайд нарт үүрэг өгсөн. Мөн нүүрсний экспортын асуудлаар Уул уурхай, зам тээврийн сайд нарт мөн даалгавар өгсөн. Төрийн албаны тухай хуулийг өөрчлөхөөс гадна аттестатчлалыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулна” гэлээ.


Сэтгэгдэл байхгүй байна