
Хуульч О.Батхүү өнөөдөр /2025.11.17/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр, Үл хөдлөх борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар олон нийтийн өргөдөл санаачилсан юм.
Хуульч О.Батхүү:
-Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгох олон нийтийн өргөдөл өнгөрсөн есдүгээр сарын 15-нд УИХ-аар орсон. Тиймээс цаашлаад байнгын хороогоор хэлэлцэгдээд явах ёстой ч энэ ажил огт урагшлахгүй байна. Улс төрийн намууд сонгуульд өрсөлдөхдөө бүгд амлалт өгсөн шүү дээ. Татварыг бууруулахгүй бол иргэдийн амьдрал хүнд байна гэж бүгд ярьж байсан. Гэтэл сонгуулиас өмнө нэг гоё юм ярьдаг. Төрийн ордон руу ороод суухаараа иргэдийгээ мартдаг юм байна.
Бид цалингаасаа 45 хувийн татвар төлж байгаа. Үлдсэн мөнгөнөөсөө байр, машин авдаг. Дараа нь том болгоё гээд зарахаар улс дундаас нь хоёр хувийн татвар авч байгаа юм. Энэ буруу. Хоёрдугаарт, иргэд ямар нэгэн хүндрэлтэй тулгараад байр, байшингаа зарахаар ахиад хоёр хувийн татвар авч байгаа. Үүнийгээ хүчингүй болгоё гэхээр гишүүд маань иргэдийг үл тоогоод доромжлоод байдаг асуудлаа болиоч ээ.
Энэ асуудалтай холбоотойгоор миний бие УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна. Олон нийтийн өргөдлийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, энэ сардаа багтаан энэ асуудлыг шийдвэрлээч гэсэн шаардлагыг хүргүүлж байна.
Төрийн эрх мэдэлтнүүд албан тушаал, сандал суудлаа булаацалдаад хэдэн сар хэрэлдлээ. Гэтэл бид нар ажлаа хийгээд, татвараа төлөөд явж байгаа шүү дээ. Маш олон хүмүүс энэ хууль хэзээ батлагдах бол гээд хүлээгээд байж байгаа" гэлээ.


Сэтгэгдэл байхгүй байна