
Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тасралтгүй 18 жил ажилласан С.Баатарсүрэнг “Монгол Улсын Хөгжлийн Банк”-ны Гүйцэтгэх захирлаар томилов. Тэрээр банк санхүүгийн салбарын бодлого боловсруулах, банкны хяналт шалгалт, эрсдэлийн удирдлага хэрэгжүүлэх ажлыг удирдах албан тушаал хаших долоон жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирсэн чадварлаг удирдагч юм.
Түүнчлэн Олон Улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Азийн бүсийн хорооны тэргүүнээр ажилладаг бөгөөд түүний ажлын туршлага, ур чадварыг олон улсын банк санхүүгийн салбар хүлээн зөвшөөрсний илэрхийлэл хэмээн салбарынхан дүгнэдэг байна.
Тиймээс Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацаат эх үүсвэрийн бүтцийг сайжруулах замаар гадаад өрийн удирдлагыг үр ашигтай хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг тогтвортой эх үүсвэрээр хангах, байгууллагын засаглал, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллах бүрэн чадамжтай хэмээн үзэж С.Баатарсүрэнг “Монгол Улсын Хөгжлийн Банк”-ны Гүйцэтгэх захирлаар томилох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гаргажээ.
Дашрамд дурдахад, С.Баатарсүрэн нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн эдийн засгийн бакалавр, Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн их сургуулийн Санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгсчээ. Тэрээр Зоос банканд эрсдэлийн шинжээч, ахлах шинжээч, Монголбанканд хянан шалгагч, Хадгаламж банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Хөгжлийн банканд хэлтсийн захирал, Хадгаламжийн даатгалын корпорацид Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн банк, санхүүгийн салбарын чадварлаг боловсон хүчин юм.


Сэтгэгдэл байхгүй байна