• Эхлэл
  • Академич С.Нарангэрэлд Чингис хаан одонг олгоно

Академич С.Нарангэрэлд Чингис хаан одонг олгоно

2025/11/20

Монгол бахархлын өдрөөр Чингис хаан одонг академич С.Нарангэрэлд гардуулах болсон талаар өнөөдөр /2025.11.20/ Ерөнхийлөгчийн Тамгын газраас танилцууллаа.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.ҮЙЛСТӨГӨЛДӨР:

-Дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, Монгол түмний өнө мөнхийн бахархал, хаадын хаан эзэн богд Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөр маргааш/2025.11.21/ болно.

“Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг батжин бэхжүүлэх эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс түүх, өв уламжлалыг судлан шинжилж, хадгалан хамгаалж, дэлхий дахинд сурталчлан таниулах их үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсан. Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, төр нийгмийн зүтгэлтэнд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон гардуулдаг уламжлалтай. Энэ жил энэхүү эрхэм дээд шагналаар ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлэх их үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах Монгол Улсад хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр хийгээд, их эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс энхийг тогтоосон үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин шинжлэх ухааны болон сургалт судалгааны эргэлтэд оруулсныг өндрөөр үнэлэн эрхэм хүндэт академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг Монгол Улсын төрийн эрхэм дээд  шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулахаар шийдвэрлэснийг  дуулгая.

Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор профессор, МУИС-ийн эмирит профессор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич С.Нарангэрэл нь удам дамжсан багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч төдийгүй, нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр нийгмийн зүтгэлтэн юм. Тэрбээр манай улсын хууль зүйн боловсролын ууган гал голомт болсон МУИС-ийн Хууль зүйн сургуульд 50 гаруй жил багшлахдаа, Хууль зүйн салбарын гадаад, дотоод 30 гаруй эрдэмтэн, олон мянган хуульчийг бэлтгэн гаргасан төдийгүй, Монгол Улсын орчин цагийн хууль зүйн шинжлэх ухаан, үндэсний эрх үйн тогтолцоог хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан байдаг.

С.Нарангэрэл нь МУИС-ийн 1975 онд төгссөн цагаасаа хойш төрлөх сургуульдаа 50 дах жилдээ багшилж байгаа бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч дарга, Улсын ерөнхий прокурорт хэлтсийн дарга, Сайд нарын зөвлөлийн дэргэдэх төрийн бодлого судлах төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Улсын бага хурлын дэргэдэх Төр нийгэм судлалын академийн дэд захирал, УИХ-ын гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажилласан байдал нь түүний онол, практикийн арвин туршлагатай эрхэм болохыг тодорхойлж байна” гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна