
Төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэх нь улс орны хөгжилд том түлхэц үзүүлдэг. Тийм болохоор “Улаанбаатар төмөр зам” ХНН тээх нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, тээврийн хэмжээгээ өсгөхөд анхаарч байна. Энэ жилийн тухайд галт тэрэгний хөдөлгөөний эрчимжилт хамгийн өндөр урд хэсэглэлдээ 34,6 км зам шинэчлэлийн ажлыг хийж, замынхаа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлжээ. Саяхан “УБТЗ” ХНН 108 вагон бүхий 10 мянган тонн жинтэй ачааны галт тэргийг анх удаа амжилттай аялуулсан нь тус нийгэмлэгийн тээх нэвтрүүлэх хүчин чадал өссөнийг харууллаа. Урт бүрэлдэхүүнтэй хүнд жинтэй галт тэргийг аялуулж, нэг дор их хэмжээний ачааг тээвэрлэх нь эдийн засгийн үр өгөөж өндөр байх юм.
“УБТЗ” ХНН нь сард дунджаар 2,7 сая тонн ачаа тээвэрлэдэг бол өнгөрсөн 10 дугаар сард анх удаа 3,1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь тус нийгэмлэгийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Ийнхүү УБТЗ-ын хамт олон улс орны эдийн засагт оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.


Сэтгэгдэл байхгүй байна