Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулж хэрэгжүүлэхийг чиглэл болгох тухай зарлиг гаргах гэж байгаа. Үүнтэй холбогдуулан Монголын Анагаах Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Ш.Болдтой ярилцсаныг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл болгох тухай зарлиг гаргах гэж байна. Энэхүү зарлигийг гаргах түүхэн ач холбогдол нь юу гэж та үзэж байна вэ?
-Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар анхаарал хандуулж зарлиг гаргах гэж байгаад уламжлалт анагаах ухааны салбарынхан маш их баяртай байна. Товчхон хэлэхэд, Төрийн тэргүүн маань уламжлалт анагаах ухааныг ийнхүү онцолж үзэх хэд хэдэн шалтгаан байгаа хэмээн үзэж байна. Нэгдүгээрт, бидний сүүлийн 30 гаруй жил хийсэн судалгааны үр дүнгээс харахад Монголчуудын бүтээн бий болгосон дахин давтагдашгүй, соёл өвийн нэг нь уламжлалт анагаах ухаан гэдэг нь тодорхой болсон.
Монголын уламжлалт анагаах ухааны эмчлэх, засах, өвчнөөс сэргийлэх мэдлэгээр дамжуулан Монгол Улсын нэрийг дэлхийд сурталчлах бүрэн боломжтой юм.
Хоёрдугаарт, Монгол Улсаас хүний нөөцөө “экспортолж” буй хамгийн том салбарын нэг нь уламжлалт анагаах ухаан. Одоогоор дэлхийн 15 оронд уламжлалт анагаах ухаан эмч, мэргэжилтнүүд ажиллаж байгаагаас хамгийн олон нь Польш улсад ажиллаж, амьдарч байна. Эцэст нь, “Ковид-19” цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ ялангуяа эмчилгээ, үйлчилгээнд уламжлалт анагаах ухааны эм, тан ямар их хэрэгтэй вэ гэдэг нь нотлогдсон. “Маны уудаг Мана-4”, “Ноёдын уудаг Норов-7” гээд олон уламжлалт эмийг Монголчууд хэрэглэж мэддэг, үр дүнтэй гэдгийг амьдрал дээр баталсан. Эдгээр боломжийг Ерөнхийлөгч олж харсан болов уу.
-Монгол уламжлалт анагаах ухааныг сэргээн хөгжүүлэхэд төрөөс өмнө нь ямар ямар бодлого хэрэгжүүлж ирсэн байдаг вэ?
-1990 оноос хойш өнөөг хүртэл Монголын уламжлалт анагаах ухааны салбарын сэргэн хөгжиж буй түүхийг би өөрийн биеэр тээж явна. Тухайн үе бол үнэхээр амаргүй байсан. 1937 оноос хойш яг 53 жилийн турш уламжлалт анагаах ухааны сургалт, гүн ухаан, онол, оношилгоо, эмнэлгийн тусламж, үйлчилгээ зогсонги байдалд орж, их хэлмэгдүүлэлтээс 10 жилийн ял авч амьд үлдсэн хуруу дарам өндөр настай хүмүүс үлдсэн талаар Ц.Хайдав багшийн дурсамжид бий. 1958 онд Д.Бадарчин багш Улсын нэгдүгээр төв эмнэлэгт зүү төөнө заслын кабинет, дараа жил нь академич Ц.Хайдав багш ШУА, Байгалийн нэгдлийн хүрээлэнд Ургамал судлалын секторыг нээснээр орчин цагийн уламжлалт анагаах ухааны зүү төөнө, эм судлал, эм найрлагын судлалын эрдэм шинжилгээ хөгжих суурь нь болсон гэж үздэг. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамгийн анхны бодлогын баримт бичгийг ЭМЯ-ны мэргэжилтэн Далайн Батчулуун багш 1991 онд боловсруулан батлуулсан. Багш маань энэ салбарын бодлогын “анхны шанг татсан” хүн гэж хэлж болно. Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх дараагийн бодлогыг 1996 онд миний бие ЭМЯ-нд уламжлалт анагаах ухааны асууудал хариуцсан мэргэжилтэн байхдаа боловсруулж хэрэгжүүлсэн. Харин 1999 оны хавар тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди захирамж гаргаж, Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх академич П.Нямдаваа ахалж, УИХ-ын гишүүн асан Л.Одончимэд орлогчоор, харин миний бие нарийн бичгийн даргаар нь ажиллаж төрийн бодлогын төслийг боловсруулсан. Энэхүү төслийг 1999 оны долоодугаар сарын 5-нд УИХ баталж, Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого нь эрүүл мэндийн системийн анхны төрийн бодлого болсон юм. Түүнчлэн ДЭМБ-ын гишүүн орноос уламжлалт анагаах ухааны талаар төрийн бодлого баталсан цөөхөн орны нэг нь Монгол Улс хэмээн үнэлэгдэж байсан юм. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргаж байгаа зарлиг нь XXI зуунд Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх их сэргэлтийн шинэ үеийн эхлэл болж байна.
-Монгол уламжлалт анагаах ухааны өнөөгийн хэрэглээг та хэрхэн үзэж байна вэ?
-“Ковид-19” цар тахлын үед уламжлалт анагаах ухааны салбарынхан идэвхтэй, үр дүнтэй ажилласан. XXI зууныг ДЭМБ-аас архаг өвчний, вирусын зуун гэдгийг зарласан. Үүнээс уламжлалт анагаах ухаан архаг өвчнийг эмчлэх туршлага үнэ цэнтэй гарын авлага болох нь дамжиггүй юм. Мөн орчин цагийн болон уламжлалт анагаах ухааныг хослуулан хэрэглэх оношилгоо, эмчилгээний хувьд бие биеэ нөхөн нэгэн цул болж ажиллах нөхцөл бүрдсэн. Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн хувьд уламжлалт анагаах ухааны нөөцийг шавхан ажиллах болно.
Зүү төөнүүр, хануур, хатгуур, бариа засал зэрэг нь өвдөлт намдаах, биеийн махбодыг тэгшитгэхэд онцгой үр дүнтэй. Энэ чиглэлийн засал эмчилгээ Монголд сайн хөгжиж байгаа.
Цаашид эмийн үйлдвэрлэлийг олон улсын GMP /Good Manufacturing Practice/ стандартын дагуу хөгжүүлэх хэрэгтэй. Эмч, мэргэжилтний нөөц хангалттай боловч дотоодын GMP шаардлага хангасан үйлдвэр дутмаг учраас гадаадад ажиллаж буй эмч нар өөрсдийн уламжлалт эмийг тухайн улсад албан ёсоор хэрэглэхэд хүндрэл учирч байна. Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд энэ асуудлыг бодлогоор шийдэх нь салбарын хөгжилд томоохон түлхэц болно. Өнөөдөр Монгол Улсад уламжлалт анагаах ухааны их эмч бэлтгэдэг төрийн өмчийн болон хувийн зургаан их сургууль, тогтмол үйл ажиллагаа явуулж буй эмийн үйлдвэрүүд, эрдэм шинжилгээний тогтолцоо бүрдсэн. Сүүлийн жилүүдэд БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Бутан зэрэг орноос ирсэн судлаачид магистр, докторын зэрэг хамгаалж байгаа нь Монголын уламжлалт анагаах ухаан олон улсад сонирхол татаж буйг харуулж байна. Улсын хэмжээнд 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн томоохон эмнэлгүүд уламжлалт анагаах ухааны тасагтай болж, хувийн хэвшлийн эмнэлэг, үйлдвэрүүд ч байгуулагдан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тогтолцоо бүрдсэн, одоо гагцхүү ололтоо ахиулж дэлхий нийтийн төлөө ашиглах шатанд ирээд байна.

МОНГОЛ ХАТНЫ БАЙГУУЛСАН ДЭЛХИЙН АНХНЫ СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГ
-Монгол уламжлалт анагаах ухааны гайхамшигтай талыг юу юугаар тодотгож болох вэ?
-Уламжлалт анагаах ухаан нь зөвхөн эмчилгээний арга биш, монгол соёлын салшгүй хэсэг. Үүгээр дамжуулан Монгол Улсыг дэлхийд сурталчлах боломж асар их. Сүүлийн 30 гаруй жилд уламжлалт анагаах ухааны түүх, эх сурвалж, оношилгоо, эмчилгээ, эм судлал, эм найрлагын чиглэлийн судалгааны үр дүнд 20 гаруй доктор, 80 гаруй магистрын ажлыг удирдаж зөвлөсөн. Судалгааны явцад өвөг Монголчууд, Монголчуудын бий болгосон анагаах ухаан нь зөвхөн монгол бичиг, тод үсэг, төвөд хэлээр хязгаарлагдахгүй, манж, хятад, араб, перс, орос хэлээрх эх сурвалжтай гүн гүнзгий холбогддог нь тодорхой болсон.
Тухайлбал, XIV зууны эхээр Ил хаант улсын үед монгол хатан Илдүзийн санаачилгаар өнөөгийн Туркийн Амасия хотод дэлхийн анхны сэтгэцийн эмнэлгийг 1308-1309 онд байгуулсан түүх бий.
Энэ эмнэлэгт сэтгэл заслын эмчилгээг дуу хөгжим, усны урсгалын чимээгээр засах арга хэрэглэж байжээ. Энэ нь монголчууд зөвхөн эзлэн түрэмгийлэгч бус, соёл, анагаах ухааныг дэлгэрүүлэгч байсны бодит жишээ юм. Мөн Ил хаант улсын нэрээр нэрлэгдсэн мэс заслын судар XV зуунд зохиогдсон нь Монгол хаадын соёлын нөлөөг илтгэдэг. Түүнчлэн Манжийн Энх-Амгалан хааны зарлигаар 1720-1723 онд бичигдсэн, Европын анагаах ухааны анатомийг дорно дахины анагаах ухааны эмчилгээний аргатай хослуулсан хосгүй судрууд бий. Эдгээрийг бид 20 гаруй жилийн турш судалж, монгол хэлнээ хөрвүүлэн, эрдэм шинжилгээний бүтээл болгосон. Эдгээр судалгаанд тулгуурлан Монгол Улсаас анх удаа уламжлалт анагаах ухааны холбогдолтой баримтат өвийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгүүлж чадсан. Парист 2025 оны дөрөвдүгээр сард болсон ЮНЕСКО-гийн чуулганаар “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээх 6 дэвтэр бүтээлийг хүн төрөлхтний соёлын хосгүй өв хэмээн баталсан нь Монголын уламжлалт анагаах ухаан дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх шинэ үе эхэлснийг харуулж байна. Энэхүү бүтээлийн судалгааг олон жилийн турш бүтэн багаараа олон талаас нь судалж дэлхийн хосгүй өвийн дансанд бүртгүүлсэндээ баяртай байдаг.

-Таван мянга гаруй жилийн түүхтэй гэгддэг монгол уламжлалт анагаах ухааны хөгжиж ирсэн түүхээс хуваалцвал?
-Тийм ээ. Монголын уламжлалт анагах ухаан 5000 гаруй жилийн түүхтэй. Энэ он тоолол өшөө урагшлах боломжтой юм. Түүхэн хөгжлийн хувьд авч үзвэл, Юань улсын үед Монголын анагаах ухаан нь нэгдмэл, интеграцчилсан шинжтэй байв. Өөрөөр хэлбэл, зөвхөн монголчуудын дотоод мэдлэгээр хязгаарлагдахгүй, араб, хятад зэрэг олон орны анагаах ухааны ололт, мэдлэгийг нэгтгэн шингээсэн байлаа. Хубилай хаанаас хойших Монголын хаад анагаах ухааныг бодлогоор дэмжиж, олон соёл, олон ухааны нэгдлийг бий болгож чадсан юм.
1578 онд Буддын шашин Монголд гурав дахиа дэлгэрснээс хойш “тэжээхүй ухаан” хэлбэрээр хөгжсөн. Энэ нь Энэтхэг-Төвөдийн анагаах ухааны уламжлалаас улбаатай бөгөөд Буддын шашны “Их таван ухаан”-ы нэг юм. Харин 1921 оноос хойш төвөд ёсны эмнэлэг, ламын эмнэлэг гэх нэршил хэрэглэж, 1937 оноос тодорхой хязгаарлалтад орж, 1990 оноос хойш “Уламжлалт анагаах ухаан” хэмээх нэрээр дахин сэргэсэн түүхтэй. Монголын анагаах ухаан бол маш өргөн хүрээтэй мэдлэгийн сан. Үүнийг бид дэлхийтэй хуваалцах нийт хүн төрөлхтний тусын тулд ашиглах зайлшгүй шаардлагатай.

-Монголын анагаах ухааны эмчилгээ засалд давтагдашгүй ямар онцлог байдаг вэ?
-Нэгдүгээрт, байгаль, цаг уур, ахуйтайгаа нягт уялдсан байдагт оршино. Эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улирал, нүүдэлчин мал аж ахуйтай орчинд амьдарч ирсэн ард түмний бие махбод, өвчлөх нөхцөл нь ч онцлогтой. Хэдийгээр гадаадын анагаах ухааны мэдлэгийг янз бүрийн замаар импортлон авсан ч өөрийн орны хөрсөнд идээшүүлж чадсан нь гайхамшигтай юм. Нөгөө талаас бидний өвөг дээдсийн бий болгосон анагаах арга, дом засал гэж эмчилгээний унаган арга гол тулгуур нь болсон.
Хоёрдугаарт, байгалийн баялаг. Монголд амьтан, эрдэс гаралтай эмийн түүхий эд бүрэн бий. Хүйтэн оронд ургадаг эмийн ургамлаар халуун чанартай өвчнийг эмчилдэг. Энэ талаас нь авч үзвэл энэ чиглэлийн ургамлууд бүрэн бий. Гагцхүү манай оронд ургадаггүй, халуун оронд ургадаг зарим ургамлын түүхий эдийг импортоор оруулж ирдэг бага зэрэг бэрхшээл бий.
Гуравдугаарт, Монголын анагаах ухаан нь Төвөдөөс гадна, Энэтхэг, Хятад, Араб, Перс, Манж, Оросын анагаах ухааны мэдлэгийг эртнээс шингээж авсан олон хэлт анагаах ухааны бүтээлийн баялаг сантай. Жишээлбэл, 1811 онд Европын анагаах ухааны номыг орос хэлнээс тод үсэгт орчуулсан барын ном өнөөдөр ч хадгалагдан үлдсэн. Ийм олон эх сурвалж, олон хэлнээс шингэсэн анагаах ухаан Төвөд, Энэтхэгт ч байхгүй.
Юань улсын үед Арабын анагаах ухаан Монголд ихээр нэвтэрсэн. Хубилай хаан Арабаас инженер, барилгачин төдийгүй өндөр түвшний эмч нарыг урьж авчирсан. Үүний тод жишээ нь хятад хэлээр бичигдсэн “Сартуулын эмийн жор” хэмээх араб гаралтай анагаах ухааны судар юм.
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ДАВУУ ТАЛ НЬ ЗӨВХӨН ЭМЭНД БУС, ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙД НЬ ОРШДОГ
-Орчин үеийн анагаах ухаан, монгол уламжлалт анагаах ухааны эмчилгээний гол ялгаа нь юу вэ?
-Монголын уламжлалт анагаах ухаан орчин үеийн анагаах ухааныг орлох биш, харин нөхөх ухаан юм. Цочмог, яаралтай өвчний үед орчин үеийн анагаах ухааны эмнэлгийн тусламж чухал. Гэхдээ зарим тохиолдолд хослуулан хэрэглэх боломжтой юм. Харин архаг, удаан явцтай өвчинд уламжлалт анагаах ухаан илүү үр дүнтэй. Элэг, цөс, ходоод, бөөр, эмэгтэйчүүдийн архаг өвчинд энэ нь нотлогдсон.
Тодотгон хэлэхэд, уламжлалт анагаах ухааны гол мөн чанар нь “өвдсөний дараа эмчлэх” бус, “өвдөхгүй байж, эрүүл амьдрах” мэдлэгийг олгодогт оршдог.
Энэ бол Монголын анагаах ухааны гүн ухаан, үндсэн философи мөн. Өөр нэг сайн хөгжөөгүй ч хамгийн ирээдүйтэй чиглэл нь сэтгэл санаа, сүүлийн үед “тарнийн анагаах ухаан” гэж нэрлэгдэх болсон салбар юм. Монгол уламжлалт анагаах ухааны давуу тал нь зөвхөн биеийн өвчнийг эмчлэхээс бие, хэл, сэтгэлийг цогцоор нь эмчилдэг арга зүйд оршдог.
-Монгол анагаах ухаанаар засах боломжтой ямар эмгэг өвчин байдаг талаар жишээ татаж болох уу?
-Монголчуудын нүүдэлчин амьдрал дундаас бий болсон, өөр газар бараг байхгүй онцгой эмчилгээний нэг нь тархины доргилтын засал юм. Уламжлалт анагаах ухааны бариа заслыг доргиулан бариа, илэн бариа, эвлүүлэн бариа, даран бариа гэж 4 хуваана. Тархины доргилтод их тархи доргисон, нугас тархи доргисон, эсвэл хоёул доргисон гэж ялган оношилно. Дараа нь ямар онош тавигдсан түүнд тохирсон илэн барих заслын аргыг эсвэл доргиулан барих аргыг сонгох нь эмчилгээний гол түлхүүр болдог. Энэ арга нь цэвэр Монголын уламжлалт мэдлэг бөгөөд ЮНЕСКО-д бүртгүүлэх бүрэн боломжтой, дахин давтагдашгүй өв соёл юм.
Уламжлалт анагаах ухаанд эмчилгээ нь үндсэндээ идээ ундаа, явдал мөр, эм, засал хэмээх дөрвөн тулгуур ойлголтод тулгуурладаг. Гэвч энэ дөрвөн ерөндөгөөс гадна манай оронд хангалттай хөгжөөгүй нэг чухал буюу 5 дахь ерөндөг нь сэтгэл засал юм.
Судар номыг анхааралтай уншихад, өвчтөн хүний сэтгэлийг засах нь эмчилгээний үр дүнд асар их нөлөөтэй болох нь тодорхой харагддаг. Өвчтэй хүний сэтгэлийг зассанаар хувь хүн, тухайн өвчтөнд байдаг өөрөө өөрийгөө илааршуулдаг дотоод нөөц, орчин цагийн анагаах ухааны ойлголтоор дархлааны системийг өдөөж идэвхжүүлснээр эмчилгээний хугацаа богиносож, эмийн үйлдэл ч сайжирдаг. Өөрөөр хэлбэл, хүний бие эмчилгээг илүү сайн “хүлээж авдаг”.
Эмч гаднаас нь хүнийг эдгээж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ хүн өөрөө өөрийгөө эдгээх нөөцтэй. Тэр нөөцийг сэрээж, ажиллуулах ухаан нь уламжлалт анагаах ухааны гүн ухаанд бий. Үүний нэг илрэл нь итгэл үнэмшил төрүүлэх, тарни уншуулах, зан үйл хийх явдал юм. Энэ нь эмнээс илүүтэй тухайн хүний дотоод итгэл, сэтгэлийн хүч ажиллаж байгаагийн илрэл юм.
-Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд орчин үед ямар дадал хэвшлийг барих шаардлагатай вэ?
-Тэгэхээр эрүүл амьдрах ухааныг орчин үеийн хүмүүст товч бөгөөд ойлгомжтой гурван зарчмаар хэлэх боломжтой. Нэгдүгээрт, дөрвөн улиралдаа зохицуулж идээ ундаа хэрэглэх хэрэгтэй. Монголчууд жилийн дөрвөн улиралд тохируулан идээ ундаагаа зохицуулж ирсэн уламжлалтай. Өнгөний бэлгэдлээр өвөл-улаан идээ /мах/, хар идээ /буцалсан ус, нэрмэл архи/, хавар-шар идээ /уураг, шар тос/, зун-цагаан идээ, намар-ногоон идээ /ногоо, жимс жимсгэнэ/ идвэл зохилтой.
Өвөл идсэн улаан, хар идээний нөлөөг зундаа цагаан идээгээр “хорыг” нь тайлж, намартаа ногоон идээгээр 6 саваа цэвэрлээд, дараа нь дахин өвлийн эхэн сард улаан, хар идээгээ иддэг байсан уламжлалаа сэргээнь маш чухал. Харин өнөөдөр бид улирал харгалзахгүй нэг төрлийн хоол давамгай хэрэглэж байгаа нь олон өвчний суурь болж байна. Хоёрдугаарт, идэх хэмжээгээ зөв тохируулах хэрэгтэй. Сударт “өглөөний хоолыг өлмүүхэн, өдрийн хоолыг цадталаа, оройн хоолыг дайсандаа өг” хэмээн сургадаг. Өөрөөр хэлбэл, оройн хоолыг аль болох хөнгөн байлгах нь эрүүл мэндэд чухал. Өнөөгийн хотын амьдралд энэ зарчмыг бүрэн баримтлах амаргүй ч ядаж оройн хоолыг багасгаж, хөнгөн байлгах дадал маш чухал.
Гуравдугаарт, зохисгүй хэрэглээнээс татгалзах хэргтэй. Архи, тамхи болон зохисгүй идээ ундаанаас хол байх нь эрүүл амьдралын суурь юм. Эдгээр нь зөвхөн бие махбодод бус, хүний сэтгэл зүй, харилцаанд хүртэл сөргөөр нөлөөлдөг.




Сэтгэгдэл байхгүй байна