• Эхлэл
  • Кристофер Ноланы трауматай Одиссей

Кристофер Ноланы трауматай Одиссей

2026/07/28

Woke culture& Trauma

Хүний эрхээр түрүү барьж хүн төрөлхтний үнэт зүйл, уламжлал, түүхэн үнэн, хувь хүний гавьяа зэргийг хоёрдугаарт тавьдаг Woke culture өнөөгийн соёл иргэншлийг хордуулаад олон оныг үдлээ. Гай ганцаараа ирдэггүйн үлгэрээр хүн өөртөө тавьж болдог “траума” (сэтгэлийн оёг) гэдэг эдгэшгүй онош бас бий. Энэ ариун номлолоор хүн төрөлхтний хэдэн мянганы турш бүтээсэн соёл, урлаг, түүхэн өв бүхэн арьсны өнгө, бэлгийн чиг хандлага, бэлгийн транс сонголтоос бусдыг ойлгодоггүй сэтгэц засалчид чагнуулж “эрүүл”, “өвчтэй” гэдэг онош тавиулах ёстой.

Гурван мянган жилийн настай Герегийн хөлгөн туулийг эхээр нь уншаад “Энэ чинь одоогийн Нийгмийн ухааны салбарын стандартад нийцэхгүй байна” гэж бухимдаж байвал баяр хүргэе, танд Woke соёлын яамны сайдын суудал ойрхон байна. Түүхэн бүтээлүүдийг тухайн цаг үеийнх нь ой санамж, гоо зүйн эх сурвалжтай нь хамт авч үзэхийн оронд өнөөгийн улс төрийн коньюнктурт тааруулан сунгаж, тайрч, “засан сайжруулах" уралдаан өдгөө урлагийн тусгаар тогтнолыг бүрэн залгиж байна.

Энэ шинэ суртал ухуулгын давалгаанд хэн бүхний шүтээн, цаг хугацаа ба орон зайгаар тоглож сурсан суутан Кристофер Нолан хүртэл автана гэж хэн санах вэ. Түүний The Odyssey кино нь соёлын өвийг Woke шүүлтүүрээр оруулахад ямархан өрөвдөлтэй, инээдэмтэй, нэгэн бодлын аймшигтай үр дүн гарч ирдгийг батлан харуулсан шилээвэр болжээ.

Афины акрополь ба Калифорнийн сүлжээ дэлгүүр

Илиада, Одиссей туульсад Трояны Хэлэнийг “цагаан гарт” (white-armed), эртний ертөнцийн ханьцашгүй гоо үзэсгэлэнт, Спартагийн хатан хэмээн Хомер бахдан тодорхойлж бичсэн байдаг. Гэтэл Нолан маань энэ дүрд Кени-Америкийн жүжигчин, авьяаслаг Лупита Нионгог сонгожээ. Нионгогийн ур чадварт эргэлзсэн хүн үгүй, гагцхүү Эртний Герегийн туульсын дотоод логик, гоозүйн шинж чанар яагаад заавал олон талт байдлын квот нөхөх шаардлагатай болов? Хомер зохиолоо бичиж байхдаа Хүний эрхийн комиссын удирдамжийг дагаж мөрдөөгүйд Нолан ихэд харамссан дундуурыг дүүргэж, дутууг нь нөхсөн байж болох уу?

Энэ ч яахав гэхэд, кинонд транс жүжигчин Эллиот Пэйж заавал нэг дүр бүтээж Хомерын эртний Ахайчуудын нийгмийг “транс-дэвшилтэт нийгэм” байсан мэт харагдуулаад Оскарын нэг шалгуурыг давах л асуудал. Хамгийн егөөтэй нь Эртний Герегийн түүхийг өгүүлэх гурван цагийн туульс дотор Грек гаралтай ганц ч гол дүр алга! Ингэхэд соёлын төлөөлөл гэж юуг хэлдэг байлаа? Woke culture-ийн прогрессив зүтгэлтэнд грекүүд “цөөнх”-ийн шаардлага хангаагүй юмдаг уу даа.

Энэ бүхний дээр жүжигчид нь эртний баатруудын эрхэмсэг, туульсын аялгуугаар бус, Лос-Анжэлэсийн кофешопт суугаа шиг америк аялгаар Dad, Bro хэмээн ярилцана. Домогт баатрууд маань Афины акрополь дээр биш, Калифорнийн сүлжээ дэлгүүрийн үүдэнд зогсох шиг хямдхан уур амьсгал бүрдүүлсэн нь гомдмоор.

Сэтгэцийн оёгтой суу зальтан

Нолан маань Одиссейн дүр дээр “дэвшилтэт” хувьсгал хийж хамгийн том гавьяагаа зүй ёсоор байгуулжээ. Хомерын Одиссей бол суу зальтай, ухаалаг, зоригтой, бурхдыг ч аргалдаг баатарлаг чанарын цогцлол. Гэтэл The Odyssey кинонд түүнийг дайны гэмшил (PTSD) болон сэтгэлзүйн гүн хямралд орсон, өдөр бүр хийсэн дайндаа гэмшин нулимс асгаруулдаг орчин үеийн, сэтгэлийн оёгтой цэрэг болгон өөрчилжээ.

Баатарлаг туульсыг орчин үеийн сэтгэц засалчийн тэмдэглэл болгон хувиргах нь Woke соёлын дуртай Trauma narrative буюу сэтгэлзүйн оёгийг шүтэх чиглэлд туйлын сайн нийцжээ. Эртний баатар гэж байх ёсгүй, тэд бүгд эмгэгтэй, сэтгэцийн тусламж шаардлагатай, сул дорой байх ёстой гэж Woke соёл үздэг. Ингэж байж л буйдан дээрээ попкорн идэж буй өнөөгийн үзэгч “Аа, энэ аугаа баатар чинь бидэнтэй л адилхан сэтгэцийн асуудалтай амьтан байж шүү дээ” гэж тайтгарч, сэтгэлийн амар амгаланг олох учиртай аж.

Соёлын вандализм ба хэрэглээний сэтгэлзүй

Woke үзэл суртлыг хамгаалагчид “Баруун тивийн олон өнгөт үзэгчид дэлгэцээс өөрсдийнхөө арьсны өнгө, бэлгийн баримтлалыг заавал харах ёстой”, “Сонгодог бүтээлийг цаг тухай бүрт нь шинэчлэн, орчин үеийн өнцгөөр "баяжуулбал" урлаг амьд үлддэг, “Эртний Герегийн хэт баатарлаг, хол хөндий ойлголтыг өнөөгийн үзэгчдэд ойлгомжтой болгож, сэтгэл зүй хувьд ойртуулах хэрэгтэй” гэдэг дөрвөн аргумент гаргаж тавих биз.

Гэвч “төлөөлөл бий болгох” нэрийдлээр бусад үндэстний соёл, түүхэн өв рүү балмадаар халдаж, түүнийг улс төрийнхөө хэрэгцээнд тааруулан өөрчлөх нь өөрөө соёлын дээрэнгүй үзэл. Шинэ баатар хэрэгтэй бол Африк, Азийн баялаг домогзүйгээс сэдэвлэн шинэ бүтээл хийх нөөц хангалттай. Айлд дайрч ороод өөрийнхөө тавилгыг тавих нь “олон талт байдал” огт гэхээсээ илүү бэлэн бэлдэц ашигласан хуулбар буюу соёлын вандализм.

Домгийн баатрыг сэтгэцийн оёгтой болгон үзэгчтэй “ойртуулж” байна гэдэг нь үзэгчдийн сэтгэн бодох чадварыг доромжилж, гүн гүнзгий хэв шинжийг хямдхан хэрэглээний сэтгэл зүйгээр сольсон ядуурал.

Орлого ба Одиссей

Кино нээлтээ хийхийн өмнө сүлжээгээр маш том бойкот уриалга явсан ч The Odyssey кассын орлогоороо дэлхийд тэргүүлж, хэдэн зуун сая доллар цуглуулан “амжилттай” яваа. Woke-ийн талынхан ч дуун дээр нь “Харав уу, бидний зөв!” гэж бахдалтайяа сурталчилж байна.

Гэвч маркетингийн нүсэр сурталчилгаа, Кристофер Нолан гэдэг брэнд, цуу ярианаас болж тасалбар худалдаж авсан олон зуун мянган үзэгчийн мөнгө бол уг киноны уран сайхны чанар, соёлын үнэ цэнийн баталгаа огт биш. Соёлын өвд үзүүлэх хор хөнөөл нь кассын орлогоор хэмжигддэггүй, ирээдүй үеийнхэн “Одиссей” гэж хэн байсныг санах уу, эсвэл зүгээр л Ноланы хийсэн психопат цэргийг санах уу гэдгээр хэмжигдэнэ. Энэ бол санхүүгийн зуурдын ашиг ба соёлын үүрдийн ойн санамжийн деградаци юм.

Одиссейн ахан дүүс

Ноланы кино бол Woke мөсөн уулын дөнгөж орой. Холливүүд болон Барууны энтертайнмент салбар бүхэлдээ энэ өвчнөөр өвчилсөн. Disney-ийн “дахин боловсруулсан” хаягдал олон. Жишээ нь, The Little Mermaid болон бусад сонгодог хүүхэлдэйн киног дахин хийхдээ уран сайхны шинэ санаа, шинэлэг өнцөг гаргахын оронд зөвхөн дүрүүдийн арьсны өнгөний пропорцыг тааруулахад бүх анхаарлаа хандуулсан. Үр дүнд нь чанаргүй, үзэхийн эцэсгүй соёлын хог хаягдал үлдэв. Netflix-ийн түүхийг засан бичигч баримтат кино ч тоймоо алдсан. Queen Cleopatra зэрэг бүтээл нь түүхэн баримтыг улаан цагаан мушгин гуйвуулж, бүхэл бүтэн үндэстний (египетчүүдийн) соёлын “матарлаж”, эрдэмтдийн элгийг хөшөөсөн. Энэ бүхэн Woke соёлд түүхийн үнэн, урлагийн чанар, эстетик огт хамаагүй, гагцхүү улс төрийн оноо цуглуулах нь чухал гэдгийг л харуулдаг.

Соёлын вандализмын ирээдүй

Woke culture-ийн энэ бүх хандлага соёл, урлагийг улс төржүүлж, бие даасан байдлыг нь устгаж байна. Түүхэн өв, үнэн ба гоо зүйг “хоёрдугаар зэрэглэлийн” хог болгон чулуудаж, үзэл суртлаар туг хийн оройдоо залснаар соёлын салбар бүхэлдээ хямралд орлоо.  

Энэ хандлагын урт хугацаандаа ямархан хор хөнөөл учруулахыг тааж ядах юм алга. Сонгодог бүтээлүүдийг орчин үеийн коньюнктурт тааруулан өөрчилснөөр хойч үеийнхэн жинхэнэ эх сурвалж ба соёлын язгуур үндсийг ялгаж салгах хийх чадваргүй болно. Уран бүтээлчид чанар, гоо зүй, гүн утга санааны араас биш, Оскарын болон бусад фестивалийн квот, DEI*-ийн шалгуурыг хангаж, “шагнал хүртэх” зорилгоор бүтээл туурвих болж, урлаг нь ухуулгын плакат болж хувирна. Урлагийг нийгмийн суртал ухуулга болгон ашиглах тусам олон нийт соёлын байгууллагуудаас хөндийрч, урлагт итгэх итгэл алдарна.

Эцэст нь хэлэхэд, Эртний Герегийн туулийг Лос-Анжэлэсийн психо-терапевтийн өрөө болгон хувиргаж, Хомерын баатруудыг DEI-ийн зүтгэлтнүүдийн шаардлагаар хувцаслалаа гээд орчин цагийн соёл урлаг хөгжиж дэвшихгүй. Харин ч өөрийн үндэс суурь, түүхэн өв, гоозүйн дархлааг нь сүйрүүлж байгаа явдал, "Woke вандализм" бол урлагийн түүхийн хөгийн бөгөөд эмгэнэлтэй гарчиг.

PTSD - Post-Traumatic Stress Disorder гэх англи үгний товчлол. Монгол хэлэнд "Гэмтлийн дараах сэтгэцийн стрессийн эмгэг" эсвэл "Сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэг" гэж орчуулдаг. Энэ нь хүчтэй айдас, аюул ослоос үүдэлтэй сэтгэлзүйн хүнд цочролд орсны дараа үүсдэг сэтгэцийн эрүүл мэндийн байдал юм. 

*DEI - Diversity, Equity, and Inclusion гэсэн гурван англи үгийн товчлол. Монголоор "Олон талт байдал, тэгш боломж, тэгш оролцоо" гэж орчуулдаг. Орчин үед байгууллага, компаниуд болон нийгмийн салбарт хүмүүсийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, бүгдэд нь тэгш боломж олгох бодлогыг тодорхойлоход энэ ойлголтыг өргөн ашигладаг.

Нийтлэлч Д Батбаяр


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна