• Эхлэл
  • Монгол Улс COP17-г зөвхөн зохион байгуулах бус дэлхийн хэлэлцээг чиглүүлэх гол үүргийг гүйцэтгэнэ

Монгол Улс COP17-г зөвхөн зохион байгуулах бус дэлхийн хэлэлцээг чиглүүлэх гол үүргийг гүйцэтгэнэ

2026/08/04

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг энэ сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээний багийн мэдлэг, ур чадвар, удирдан чиглүүлэх чадавхыг бэхжүүлэхээр “COP17 Ахисан түвшний хаалттай сургалт-хэлэлцүүлэг”-ийг БОУАӨЯ, ГХЯ, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар, Олон талт хэлэлцээний төв (CEMUNE) хамтран зохион байгуулж байна.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир сургалт-хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, COP17 хурлыг даргалагч улс нь зөвхөн хурлыг зохион байгуулах үүрэгтэй бус, хэлэлцээний үйл явцыг шударга, ил тод удирдан чиглүүлж, өөр байр суурьтай улс орнуудын хооронд зөвшилцөл бий болгох, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, бодлогын шийдвэрийг урагшлуулахад гол үүрэг гүйцэтгэдгийг онцлов.

 

Мөн газрын доройтол, ган, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, усны аюулгүй байдлын сорилтыг даван туулахад шаардлагатай санхүүжилт нь өнөөдөр дэлхийн тогтвортой хөгжлийн хэлэлцээний тэргүүлэх сэдвийн нэг болоод байгааг дурдав. Ийм нөхцөлд Монгол Улс COP17 хурлын даргалагч орны хувьд олон талт хэлэлцээг үр дүнтэй ахиулж, талуудын нийтлэг ойлголцлыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах дипломат манлайллаа харуулах нь онцгой ач холбогдолтойг тэрбээр тэмдэглэлээ. 

Олон талт хэлэлцээний төв (CEMUNE) нь олон улсын томоохон хэлэлцээ, дээд түвшний уулзалтуудыг даргалагч улс орнууд болон хэлэлцээний үйл явцыг чиглүүлэгч талуудад хараат бус, мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг ашгийн төлөө бус байгууллага юм. Тус төв нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC)-ын Талуудын бага хурлыг даргалагч орнуудад олон жилийн турш стратегийн зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн туршлагатай бөгөөд өдгөө Биологийн олон янз байдлын тухай конвенц (CBD), НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ын даргалагч талуудтай мөн хамтран ажиллаж байна.

 

Мөн Засгийн газар болон даргалагч талуудтай нягт хамтран ажиллаж, олон талт хэлэлцээний үр нөлөөг нэмэгдүүлэх, байгаль орчин болон хүн төрөлхтний тогтвортой ирээдүйд чиглэсэн хамгийн оновчтой, үр ашигтай шийдвэрүүдийг гаргахад дэмжлэг үзүүлэхийг зорьдог ажээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна