• Эхлэл
  • МЭДЭЭЖ “АР НЬ ТҮҮЗ!”

МЭДЭЭЖ “АР НЬ ТҮҮЗ!”

2026/11/17

С ГАНДӨЛ

Улс төрд гэнэтийн зүйл гэж үгүй. Урьдаас бэлдсэн сценари л гэж бий. Урьд үед тийм байсан. Өнөө цагт ч тийм л байгаа. Гагцхүү хэн түүнийг бичиж, дэглэх вэ гэдэг нь чухал. Хөзрөөр бол эцсийн мөчид хамгийн том модоо дэлгэх үйл явц. Шатраар бэрсээ түлхэж, бүр цаашлаад мад тавих нүүдэл. Монголын улс төр яг л ийм замналаар гэлдэрч явна.

Чиглүүлэгч нь Ерөнхийлөгч, гүйцэтгэгч нь Ерөнхийлөгч, ерөөс Ерөнхийлөгчийн үг, үйлдлээс Монголын улс төрийн прогноз зурагддаг болов. Аль 1990-ээд оны сүүл үеэс эхтэй эрх мэдлийн ийм жишиг өдгөө улам бэхжиж бат цайз босгосон уу гэхээс сонгодог парламентын тогтолцоо бидний хувьд мөрөөдөл хэвээр байгаа нь гашуун үнэн.

Хуулиараа Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Түүгээрээ гадаад, дотоодод улсаа төлөөлөх бүрэн эрхтэй. Үүнийг нь бататгаж нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг. Бүр Үндсэн хуулиар шүү. УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй бол Ерөнхийлөгчийн нэр төр өөрөө халдашгүй. Нэг нь сонгогдсон тойргоо, нөгөө нь бүхэл бүтэн тусгаар улсыг төлөөлдөг. Ялгаа нь энэ.

Юу хэлэх гээд байна гэхээр Ардчилсан Үндсэн хуулиа баталсан 1992 оноос хойш Монгол Төрийн тэргүүнээр ажилласан эрхмүүдээс энэ удаагийн Ерөнхийлөгч шиг шуугиантай нь байсангүй. Хүн нь ч өөрөө сонирхолтой дүр. Ямар нэгэн асуудал үүсэх бүрд, өндрөө авах тэрүүхэн агшинд хашиж буй албан тушаалаасаа буудаг харизмтай.

Эсрэгээрээ эргэн ирэлт болгон нь хувь улстөрчийн хүрч болох хамгийн өндөр сэнтийд хүрдэг жамтай. Тэр бол өгч чаддаг, авч чаддаг гэх тодотгол нь ч үүнээс эхтэй. Гэхдээ явах бүрдээ эргэн ирэлтийн эрэмбэ нь өмнөхөөс өгсөж, сайжирдгийг нь энд тодотгох нь зүй. Хувь улстөрчийн мэдрэмж үү, эсвэл алсаа хардаг чадвар уу хэлж мэдэхгүй юм. Ямарч байсан өөрийнх нь хүсэлт болгоны ард өшөө том улс төрийн тохироо дагадаг юм. Сайжирдаг уу гэхээс лав дордуулсан түүх үгүй.

УИХ-ын гишүүнээсээ буугаад Шадар сайдаар эргэн ирсэн. Шадар сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд удалгүй Ерөнхий сайдын тамга атгасан. Ерөнхий сайдаасаа өөрийн хүсэлтээр огцорсон Ерөнхийлөгчийн хувиар Монгол Төрийн тамга гардсан. Баргийн улстөрч, аавын хүүд тохиох хувь тавилан, улс төрийн замнал лав биш. Бараг тохиохгүй.

Гагцхүү бүрэн эрх нь дуусгавар болохоос долоон сарын өмнө дахин албан тушаалаасаа буух өргөдлөө өгөхөө мэдэгдлээ, өөрийнхөө амаар. Шалтгаан нь сөрөг хүчин Ардчилсан Намын тавьсан шаардлага. Үндсэндээ хотын даргын албан тушаалаасаа өгснөөс хойш Канадыг зорьж, тэндээ суурьших болсон Х.Нямбаатарын хэд хэдэн удаагийн мэдэгдлийг УИХ дахь АН-ын бүлгээс албажуулах замаар Ерөнхийлөгчид шахалт үзүүлснээс үүдэлтэй.

Хотын дарга асан яагаад Төрийн тэргүүнтэйгээ сөргөлдөх болсон, ямар шалтгаанаар зориуд нэр цохон шүүмжилж эхэлсэн талаарх хангалттай таамаг, хардлага улс төр, нийгмийн хүрээнд цаг, минут, секунд тутамд хөвөрч байгаа болохоор нэмж бичих нь илүүц. Харин Ерөнхийлөгчийн мэдэгдлийн араас Монголын улс төрд юу өрнөх вэ гэдгийг харвал илүү сонирхолтой дүр зураг буухаар байна.

Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийг огцорсон өдөр очно хэмээсэн хотын дарга асан Х.Нямбаатарт эх орондоо ирэхээс өөр сонголтыг үлдээсэнгүй. Үндсэн шаардлага нь биелсэн үү гэвэл биелсэн. Эсрэгээрээ өөр рүү нь чиглэсэн шахалт түүнээс хэд дахин илүү жин дарна гэсэн үг. Хийх лайвынх нь дор хүн бүр түүнийг эх орондоо ирэхийг шаардаж бичих нэг ёсондоо гарах гарцгүй болгох хамгийн гарзгүй улс төрийн том цохилт болж бууна.

Хоёрдугаарт, 2024-2025 оны хамтралыг эс тооцвол 2016 оноос хойш нар үзэлгүй, гудамжинд лааз өшиглөж яваа АН-ын Ерөнхий сайд, Засгийн газар руу биш Ерөнхийлөгч рүү чиглэсэн улс төрийн акц өрнүүлэхээр хийсэн мэдэгдэл нь 24 цагийн дараа биеллээ олсон нь тэдэнд биш Төрийн тэргүүнд нэмэх оноо болж буув. Тангараг өргөж, тамга атгахдаа “Хүн биш хууль засаглах ёстой” гэсэн Ерөнхийлөгчийн ам өчиг мартагдаж, маргаан дагуулж эхлэхтэй зэрэгцэн бодит эсэхийг харуулах сайхан боломж олгов.

Гуравдугаарт, Л.Оюун-Эрдэнийг огцруулж, Д.Амарбаясгаланг төрхөмд нь буцаасан цаг үеэс МАН-д өдөлсөн 30, 38 хуваагдлын хэн нь “ШУДАРГА” вэ? гэдгийг хөшигний ард бус нийгмийн нүдэн дээр ил тод дэнслүүлэх замыг зурлаа. Ерөнхийлөгч нь хүртэл албан тушаалаа өгч байхад хулгайн хэрэгт нэр холбогдсон бусад яагаад бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулдаггүй юм гэсэн шахалт, шаардлага аяндаа л нийгмээс гарна. Тэр тохиолдолд халдашгүй эрхээс нь буулгах гишүүдийн жагсаалт түрүүчээсээ дурайна, ганц нэгээр дутахгүй олон арваараа цоллуулна.

Залаад тавьчихсан бурхан л биш бол нийгмийн энэ шаардлага УИХ-ын гишүүн бүрийн зүрхэнд шар ус хуруулна. Угаас Хөгжлийн банк, нүүрсний гэх тодотголтой “Нээлттэй сонсгол”-оор ил болсон, хав дарсан хулгайн асуудал Монголоор дүүрэн бий. Хот дээрх хулгай, цавчаа нь ч үүнээс дутахааргүй яваа.

Ямар ч байсан Ерөнхийлөгчийн араас Хэрэг эрхлэх газрын дарга, Хуулийн дэд сайд хоёр нь өргөдлөө өгч шударга ёсны тэмцэлд хүчээ өргөхөө зарлав. Хөндлөнгийн нэгэнд бол нэр холбогдсон хүн болгон шалгуулах нь гэдгээрээ сайн мэдээ.

Харин орондоо ч орох завдалгүй өөр хоорондоо тэмцэлдэж буй Ардын Намынханд бол муу мэдээ. Бүр маш муу мэдээ. Их, бага идсэнээрээ хэмжигддэггүй л юм бол эрх баригч намын засагласан 10 жилд мөнгөний тоо нь саяас их наяд болтлоо томорсон нь бодит үнэн.

Дөрөвдүгээрт, хүний, өөрийнгүй хулгайн асуудалд нэр холбогдсон бүгдэд хэрэг бүртгэл нээж шалгаж, мухарлах статустай хуулийн байгууллагуудын нуруу одоо л тэнийх үү гэсэн хүлээлт хүссэн ч, эс хүссэн ч бий болов. Хэрэг нь тодорхой ч халдашгүй эрхийн сүүдэрт дарагдаж, хилийн хориг тавихаас өөрийг хийж чадалгүй өдийг хүрсэн, “шүдгүй арслан” болтлоо хүчгүйдсэн тэд Ерөнхийлөгчийн үйлдэлд дөрөөлж хуулийн хайчинд оруулах боломж гарч ирэхийг эрх биш гадарлана. Улсын Ерөнхийлөгчөө хүртэл шалгаж байна гэсэн “шошго” утгаар нь сэлэм эргүүлж, таанц эргэх эрхийг өгч буйгаас өөрцгүй.

Энэ бүгдээс харахад албан тушаалаасаа буугаад шалгуулахаа мэдэгдсэн Ерөнхийлөгчийн улс төрийн нүүдэл зөвхөн хотын дарга асны мэдэгдлээс үүдэлтэй гэж харж, ойлгох нь өрөөсгөл юм. Монголын улс төрд, магадгүй олон толгойтой болтлоо эрх мэдэлдээ бялуурсан, мөнгөндөө сагасан МАН-ыг гордиролд нь оруулах Нэгдүгээр хүний алсын хараа байх гэвэл үнэнд илүү дөхнө.

Эцсийн дүндээ энэ бүx “Шударга ёс”-ны анхны шанг татсан хүн нь хэн болж үлдэх вэ? Маргаангүй Ерөнхийлөгч өөрөө болж үлдэнэ. Өөрөөр хэлбэл, өнөөдөртөө тэр бэрсээ түлхсэн төдий. Мэдээж “Ар нь түүз!” учраас.

UZEG.INFO


Сэтгэгдэл байхгүй байна