Засгийн газрын ээлжит хуралдаан тавдугаар сарын 16-нд болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дээрх 20 асуудлын нэг болох НӨАТ-ын буцаан олголтын тухай зохицуулалт хийхээр болсон байна.
Тодруулбал, НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын 2015 оны 108 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар НӨАТ-ын буцаан олголтоо иргэд улирал тутам буцаан авах боломж бүрдэх аж. Үүнээс гадна Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Саусгоби сэндс” ХХК-ийн өр төлбөрийн асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, Шүүхийн шийдвэрийг үндэслэн “Саусгоби сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах Сангийн яамны саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ.
Шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд “Саусгоби сэндс” компани ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан барагдуулах санал тавьсныг хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар шийдвэрлэсэн байна.
“Саусгоби сэндс” ХХК нь Таван толгойн уурхайд ажиллахад холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байрлах байр, хоол хүнс, цахилгаан, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон бусад зардлыг бие даан хариуцах бөгөөд “Эрдэнэс Таван толгой” ХК-аас ямар нэгэн нэмэлт зардал гаргуулахгүй байхаар тохиролцсон байна.
Ийм шийдвэр гаргаснаар улс хохирохгүй шүүхээс ногдуулсан төлбөрийг бүрэн хэмжээгээр авахын зэрэгцээ тухайн компанийн үйл ажиллагааг ч зогсоохгүйгээр өр төлбөрийг эцэслэх боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл байхгүй байна