• Эхлэл
  • Мөнгөний нийлүүлэлт өсчээ

Мөнгөний нийлүүлэлт өсчээ

2016/05/18

Сар бүрийн нийгэм эдийн засгийн тайланг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргадаг билээ.

Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ сарын дүнгээр 411.5 тэрбум төгрөг буюу 4.1 хувь, жилийн дүнгээрээ 820.2 тэрбум төгрөг буюу 8.5 хувиар өсчээ.

Харин гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ дөрөвдүгээр сарын эцэст өмнөх сарынхаас 13.1 хувиар өсч, 745.1 тэрбум төгрөг болсон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 10.2 тэрбум төгрөгөөр буюу 1.4 хувиар өссөн дүн аж.

Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл жилийн өмнөхөөс 5.4 хувиар буурч, 11.6 их наяд төгрөг болсон байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 56.1 хувиар өсч, 917.2 тэрбум төгрөг болжээ. Хэдий тийм боловч өмнөх сараасаа 47.8 тэрбум төгрөг буюу 5.0 хувиар буурсан дүнтэй гарчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өмнөх оны мөн үеэс 42.5 хувиар өсч, нэг их наяд 64.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 9.2 хувьд хүрчээ. Энэ нь 2015 оны мөн үеэс 3.1 пунктээр нэмэгдсэн дүн бөгөөд 2016 он гарсаар валютын орох урсгалын дүн нэг тэрбум орчим ам.долларт хүрээд байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна