• Эхлэл
  • Төсвийн нийт тэнцэл 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Төсвийн нийт тэнцэл 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

2016/06/13

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас /2016.06.13/ энэ оны эхний таван сарын байдлаар төсвийн тэнцэл алдагдалтай гарсан тухай мэдээлэл хийлээ.

Улсын төсвийн нийт орлого 2.1 их наяд төгрөг байна. Гэтэл гурав орчим их наяд төгрөгийн зарлагыг санхүүжүүлснээр төсвийн нийт тэнцэл 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Улсын төсвийн орлого өмнөх оны түвшинд хүрэхгүй 0.6 хувьтай байхад зарлага 21.1 хувь буюу 520 тэрбум төгрөгөөр илүү байна. Төсвийн санхүүжилтэд урсгал зардал 363 тэрбум төгрөгөөр илүү буюу 16.9 хувь, хөрөнгийн зардал 129 тэрбум төгрөг буюу 44.9 хувь, урсгал шилжүүлэг 100 тэрбум төгрөг илүү буюу 11.7 хувиар илүү санхүүжүүлсэн дүн гарсан байна.

Мөн чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа тухай энэ үеэр мэдээлсэн ба энэ оны эхний таван сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 10.7 их наяд төгрөг байна. Энэ нь өмнөх сарынхаас 218.8 тэрбум төгрөг буюу 2.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 891.7 тэрбум төгрөг буюу 9.1 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Мөн 7.9 их наяд төгрөгийн болон валютын хадгаламж эзэлж байна. Улсын хэмжээнд 11.4 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Мөнгөний гурван гол үзүүлэлтийг өмнөх оны төвшинтэй харьцуулахад 6-10 хувийн өсөлттэй гарсан байна. Харин олгосон зээлийн хэмжээ өмнөх сарынхаас 1.7 хувийн бууралттай гарсан бол чанаргүй зээлийн хэмжээ 1.9 гаруй их наяд төгрөг бөгөөд нийт зээлийн 17 хувийг эзэлж байгаа ажээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна