• Эхлэл
  • И-март маргаашнаас ажиллаж магадгүй

И-март маргаашнаас ажиллаж магадгүй

2016/07/29

Албан ёсны нээлтээ хийхээс өмнө үйлчлүүлэгчдийн хөлд дарагдаад байсан Өмнөд Солонгосын Улаанбаатар дахь анхны Emart-ын салбар нээлтээ хийсэн өдрөө хаалгаа түр хааж, одоогоор ажиллахгүй байна.

Өчигдөр 11.00 цагт нээлтээ хийсэн Emart нээлтийн дараа үд дундын алдад худалдан авагчидын хөлд дарагдан ачааллаа дийлэлгүй түр хаалгаа барьж байсныг бид мэдээлсэн билээ.

Ачааллаа даахгүй байсан тус дэлгүүрийнхэн 19.30 цаг хүртэл үйлчлүүлэгчдээ бага, багаар нь оруулж, үйлчлэх зохицуулалт хийж байсан. Гэтэл ачааллаас үүдэн цахилгааны доголдол гарч, үйлчлүүлэгчдээ дэлгүүрээс гаргасан. Үүний дараахан нийслэлд ширүүн бороо орж, үер нүүрлэн давхар нэрмээс болжээ.

Үүнд өчигдөр оройны ширүүн борооны улмаас 20.00 цагийн үед Emart-ын цахилгаанд доголдол үүсэн, цахилгааны монтажийн хэсэг нь усанд норж бүх систем нь ажиллахгүй болсон аж.

Хэдийгээр И-март албан ёсоор нээлтээ хийсэн өдрөө ийн хаалгаа барьсан ч өнөөдөр ч гэсэн И-мартын орчимд үйлчлүүлэхээр зорьж очсон хүмүүс байсаар байна. Биднийг 14.00 цагийн орчимд очиход дэлгүүрийн гадаа хүмүүс цугласан, хэзээ онгойхыг нь асууж байсан бөгөөд гадаанаа:

“Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр манай дэлгүүр тодорхойгүй хугацаагаар хэрэглэгчдэд үйлчлэх боломжгүй байгаад хүлцэл өчиж байна. Бид маш яаралтай үйл ажиллагаагаа хэвийн байдалд оруулах болно” гэсэн бичиг хадсан байлаа.

И-мартын ажилчид цахилгааны утсуудыг хатааж, зарим хэсгүүдийг шинэчлэхээр ажиллаж байгаа бөгөөд хэзээ үйл ажиллагаагаа нь хэвийн болох нь тодорхойгүй байна. Тэр зуур нэг ажилтан “Маргаашаас онгойчих байх аа” гэсэн үг унагана лээ.

Нээлтийн өдөр олны хөлд дарагдсан тус хайпермаркет оройн 20:50 цагийн үед “Касс ажиллах боломжгүй боллоо” хэмээн үйлчлүүлэгчдээ гаргаж эхэлсэн. Үүний дараахан бороо орж, үерийн ус цонхны шилийг хагалан давж орж ирсэн гэсэн мэдээлэл бас байгаа юм. Хэрвээ үйлчлүүлэгчдээ ийн яаравчлан гаргаагүй байсан бол үерийн ус орж ирснээр бүр ч илүү хүндрэлтэй нөхцөл байдал үүсч магадгүй гэгдэж буй.

 

Нөхцөл байдлын талаар “Скай хайпермаркет” ХХК-ийн маркетинг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Алтанхундаг ”Нийслэлд ширүүн бороо орж, зарим газрууд хүчтэй үерт автсан. Үерийн үеэр И-Мартын цахилгаанд доголдол үүсч, худалдан авагчдадаа үйлчлэх боломжгүй болсон байгаа. Бүх систем ажиллах боломжгүй болсон учир үйлчилгээгээ зогсоохоос өөр аргагүй болсон. Одоогоор манай цахилгааны инженерүүд цахилгааны доголдлыг засварлахаар шуурхай ажиллаж байна. Цахилгааны монтаж хэсэг үерт автсан учраас утсуудыг хатаах, дахин шинэчлэх зэрэг ажлууд хийгдэх юм” гэсэн тайлбар өгсөн байна.

Харин өчигдөр танайхаас хичнээн хүн худалдан авалт хийсэн талаар нэгдсэн мэдээлэл гарсан уу гэсэн асуултад "Цахилгааны доголдлын улмаас бид өчигдрийн худалдан авалтын талаархи нэгдсэн мэдээлллээ гаргаагүй байна. Одоогоор дэлгүүрийн бүх систем ажиллаагүй байгаа учраас багцаа тоо алга гэсэн хариулт өгсөн байна.

 

Харин Монгол дахь салбарын талаар  Korea Herald

“Нийт 7,590 м.кв талбайтай дэлгүүр нь тус сүлжээний Солонгос хувилбарыг тэр чигт нь Монголын нийслэлд авчирч байгаа ба Солонгос урлаг соёлд татагдах болсон үйлчлүүлэгчдэд Солонгосын шоппинг хийх соёлыг танилцуулж байгаа гэж E-Mart-ынхан ярьжээ.

Нээлтийн өдрийн 15:00 цаг гэхэд 3,500 гаруй үйлчлүүлэгч дэлгүүрт ирсэн бөгөөд энэ хугацаанд зургаан ч удаа орох хаалган дээрх урсгалыг хязгаарлахад хүрсэн байна.

Харин туршилтын үйл ажиллагаа явуулсан 26, 27-ны өдрүүдэд E-Mart дэлгүүр 400 сая воны ($353,515) борлуулалт хийснээ тайлагнасан нь төсөөлж байснаас гурав дахин их дүн гэнэ. Компанийн эх сурвалж цаашдаа “Өмнөд Солонгосын 320 компанийн 12,000 бүтээгдэхүүнийг экспортлоно” гэж мэдэгдлээ. E-Mart-ын нийт барааны гуравны нэг нь Өмнөд Солонгосынх байна гэж мэдээлжээ.

Холбогдох мэдээллийг дор дарж уншина уу

И-март буюу Монголын давхар давхар гамшиг, эмгэнэл

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Cu
    2016 оны 08 сарын 10