НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш 314,000 өрх, 634,000 ААН баримтаа тогтмол бүртгүүлээд байгаа аж. Ийн бүртгэлийг сайжруулахад азтан шалгаруулж буй нь ч чухал нөлөө үзүүлж буй гэгдэж байгаа.
Гэхдээ сүүлийн үед НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ буурсан нь худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа зарим ААН-үүд стандартын бус кассын төхөөрөмж ашигласантай холбоотой гэнэ. Тиймээс стандартын шаардлага хангасан кассын систем нийлүүлэгчдэд батламж олгож байгаа бөгөөд батламжийг есдүгээр сарын 15-н хүртэл олгох юм байна.
Дашрамд дуулгахад нэг удаагийн сугалааны тохирлоор 7,000-8,000 хүн азтан болдог ч 4,000-5,000 нь мэдэхгүй өнгөрдөг гэнэ. Иймд сугалаанд хожсон иргэдийн системд бүртгэлтэй утасны дугаар руу мессэж илгээдэг болно гэж байна. Ингэснээр иргэд заавал систем рүү оролгүйгээр азтан болсноо цаг алдалгүй мэдэх боломжтой болно гэж Гааль татварын мэдээлэл, технологийн төвөөс мэдэгдлээ.
Хүмүүсийн олонх нь цахим хуудсанд бүртгүүлээгүй учир азтан болсноо ч мэдэхгүй байгаа юм байна. Тиймээс өмнө нь Ebarimt.mn цахим хуудсанд хандаж сугалааны баримтаа шалгахыг НӨАТ-ын урамшууллын системийн төслөөс анхааруулж байсан. Тэгвэл одоо хэрэглэгчийн утсанд мессеж хүргэснээр азтан болсноо мэдэхгүй өнгөрөөх байдал үгүй болно гэж албаныхан тайлбарлаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна