Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 53 дугаар хурал Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Коломбо хотноо өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус хуралд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Г.Нямдаваа тэргүүтэй бүрэлдэхүүн оролцоод ирлээ.
Жил бүр зохион байгуулагддаг уг хуралд ICAO-ын гишүүн, Ази-Номхон далайн бүсийн 51 орны иргэний нисэхийн удирдах байгууллагын дарга, удирдлагууд оролцсон байна. Тухайлбал, Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагын зөвлөлийн ерөнхийлөгч доктор Олумуива Бенард, Бүсийн захирал ноён Арун Мишра, Шри Ланка Улсын Нисэхийн удирдах байгууллагын дарга ноён Нималсири, Бүс нутгийн Ерөнхий захирлууд, олон улсын байгууллагуудын зочин төлөөлөгчид оролцжээ. Дээрх хурлаар өнгөрсөн онд зохион байгуулагдсан 52 дугаар хурлаас хойш ICAO-аас авч хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэл, арга хэмжээ, бүс нутгийн хэмжээнд тулгарч буй шийдвэрлэх асуудлууд, шинэ техник, технологи танилцуулах, ирэх жил Улаанбаатар хотноо зохион байгуулагдах 54-дүгээр хурлын бэлтгэл ажил, хурлын тов тогтоох зэрэг олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хурлын нээлтийн үйл ажиллагаанд ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа оролцож үг хэлсэн. Тэрбээр, энэ удаагийн хурлын Дэд даргаар сонгогдож, итгэл хүлээлгэсэнд нь талархал илэрхийлээд хурлын үйл ажиллагааг удирдан явуулахад гар бие оролцон үйл ажиллагааг амжилттай явуулахад бүхий л хүч чармайлтаа гарган ажиллах болно гэдгээ хэлжээ. Түүнчлэн “Олон улсын байдал ээдрээтэй, харилцан ойлголцол, эв нэгдэл, хамтын ажиллагаа нэн чухал байгаа өнөөдөр, “Аюулгүй, найдвартай, байгаль орчинд ээлтэй нисэхийн тогтолцоог нийтээрээ дэмжин хөгжүүлэх нь” сэдвээр хэлэлцэх нь бүс нутгийн хувьд нэн чухал юм” гэжээ.
Коломбо хотноо болсон хуралд манай улсын хувьд өндөр ач холбогдол өгч оролцсон. Учир нь 2017 онд 54 дэх хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийн билэгдэл бүхий тугийг энэ хурлын үеэр албан ёсоор хүлээж авлаа.
Улаанбаатар хотод ирэх оны 8 дугаар сарын 7-ноос 11-ний өдрүүдэд Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурлыг удирдан зохион байгуулахаар төлөвлөж буй. Тиймээс энэ удаагийн хуралд агаарын навигацийн чиглэлээр 4 мэдээлэл, хурал зохион байгуулахтай холбоотой 1 хэлэлцүүлэг бэлтгэн оролцсон. Түүнчлэн ирэх жилийн хурлыг “Ази, Номхон далайн бүсийн орнуудын эрсдэлд тулгуурласан, үр дүнд чиглэсэн зохицуулалтад тулгамдаж буй асуудлууд” сэдвийн дор зохион байгуулахаар батлуулжээ.
Хурлын хаалтын үйл ажиллагаанд Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын дарга П.Ганболд үг хэлсэн байна. Тэрбээр “Энэхүү хурлыг амжилтттай зохион байгуулж тулгамдсан асуудлуудыг шийдэх гаргалгааг тодорхойлж, хөгжлийн их замд бас нэгэн шинэ алхмыг хийхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Шри Ланка Улсын Иргэний нисэхийн захиргаанд талархалаа илэрхийлье. Манай санаачлагыг дэмжин ээлжит 54 дүгээр хурлыг 2017 онд Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гаргасан ИКАО, АНДБ-ийн төв, хурлын хүндэт төлөөлөгч та бүхэнд талархал дэвшүүлье. Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар ирэх хурлыг эх орондоо хүлээн авч, бүс нутгийн нисэхийн үсрэнгүй хөгжил, техник технологийн дэвшилд дорвитой хувь нэмрээ оруулах болно гэдгээ илэрхийлж байна. Өнө эртний түүхтэй, үндэсний өвөрмөц уламжлал соёлтой, байгалийн гайхамшигт цогцолбор болсон хөх тэнгэрийн орон Монголд та бүхэнтэй 1 жилийн дараа эргэн уулзах ерөөл дэвшүүлье. Манай сайхан оронд тавтай морилоорой” гэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна