Сар бүрийн эхний 10 хоногт багтаан тухайн сарын, улирал, хагас жил тутам Үндэсний Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдлыг танилцуулдаг. Энэ уламжлалын дагуу өнөөдөр Үндэсний Үндэсний статистикийн хорооноос хагас жилийн эдийн засгийн өсөлтийн мэдээллийг танилцууллаа. Үндэсний статистикийн хорооны хувьд энэ нь уламжлалт, тогтсон мэдээлэл боловч Сангийн сайдын 2016.08.09-нд хийсэн мэдэгдэл болон Засгийн газрын мэдээллүүдээс үүдэн энэ удаагийн статистикийн мэдээлэл олон нийтийн анхаарал татахаар байгаа юм. Учир нь Сангийн сайд эдийн засгийн байдал хүнд байгаа гэсэн тоо танилцуулснаар Монгол Улс дефолт зарлах хэмжээнд хүрэв үү гэсэн айдас ч үүсээд байгаа.
Харин Үндэсний статистикийн хороо ДНБ-ий 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2016 оны эхний хагас жилд 7169.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 хувиар өслөө гэж мэдээлсэн байна. ДНБ, оны үнээр 2016 оны эхний хагас жилд 10989.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.0 хувиар, улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2016 оны хоёр дугаар улиралд өмнөх улирлынхаас 0.8 хувиар өссөн гэж мэдээлсэн байна.
Гэхдээ манай улсын эдийн засаг оны эцэст саарч, хасахтай гарах магадлал өндөр. Төсвийн өндөр алдагдал, ханшийн дарамт нь эргээд нийт эдийн засгийн эрэлтэд сөргөөр нөлөөлж, иргэн аж нэгжийн орлого хумигдсаар байна гэсэн байна.
Энэ онд Монголын эдийн засгийн өсөлт хасах 0.1 хувийн өсөлтэй гарна гэж Азийн Хөгжлийн банкнаас төсөөлөл гаргасан. Харин Дэлхийн банкнаас оны эцэст гурван хувийн өсөлтөө хадгална гэж дүгнээд байгаа юм.
Эхний долоон сарын байдлаарх макро эдийн засгийн үзүүлэлтүүд:
-Төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг
-Чанаргүй зээл 1 их наяд 30 тэрбум төгрөг
-Хугацаа хэтэрсэн зээл 836.2 тэрбум төгрөг
-Инфляци 0.9 хувиар өссөн гэж ҮСХ мэдээлсэн байна.
Эдийн засгийн байдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ийм байгаа ч сүүлийн хоёр сарын хугацаанд буюу сонгуулийн үеэр улсын төсвийн тэнцвэр алдагдалтай гарсан гэж ҮСХ-ноос мэдээлсэн.
Өнгөрсөн тавдугаар сард ҮСХ-ноос улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2 их наяд 85 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2 их наяд 962.1 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа гэж мэдэгдэж байсан. Гэтэл хоёр сарын дараа буюу 2016 оны эхний долоодугаар сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5 их наяд 14.3 тэрбум төгрөг болж нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, хоёрхон сарын дотор Монгол Улсын бусдад төлөх өр, төсвийн зарлага хоёр их наяд төгрөгөөр өссөн гэж байна.
Ийнхүү улсын төсвийн алдагдал нэг их наяд 974.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд 336.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Ингэснээр орлого 3.3 хувиар буурч, зарлага 32.6 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэж ҮСХ үзэж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үеийн "зарлага" нэмэгдсэн гэж үзэж болохоор байна.
Ийнхүү эдийн засаг, санхүүгийн холбоотой мэдээллүүд анхаарал татсаар байна.
ҮСХ-ноос гаргасан мэдээллийг бүрэн эхээр нь дор дарж үзнэ үү
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2016 оны эхний 7 сарын байдлаар)
Сэтгэгдэл байхгүй байна