Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Кувейт Монгол Улсын хөгжилд чухал нөлөө үзүүлэх салбаруудад хөрөнгө оруулалтаа нэмэх байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Үүний хариуд Ерөнхий сайд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн санхүүжилтээр Монгол Улсад Парламентын ордон барихад зориулж 12 сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт, тэр дундаа Түлэнхийн төвийн барилга барихад зарцуулах саналтай байгаагаа хэллээ.
Кувейтийн тал Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг өргөтгөн шинэчлэхэд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа дахин илэрхийлсэн. Иймээс ТЭЗҮ-ийг бэлтгэн, Кувейтийн сангаар дамжуулан тус улсын Засгийн газарт уламжлах ажлыг түргэвчлүүлэхээр болов.
Дашрамд сануулахад 2006 он буюу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Кувейт улсаас Монголын парламентын ордон бариулахаар 12 сая ам.долларын тусламж үзүүлсэн. Хэдийгээр зураг төсөл нь бэлэн болсон боловч газрын асуудал шийдэгдээгүй учраас өнөөг хүртэл уг тусламжийн мөнгийг ашиглаагүй байгаа юм. Хуучин хэвлэх үйлдвэр буюу төв талбайн хажуу дахь нуранги барилга байгаа газарт уг ордонг барих санал гаргасан ч өмчлөл нь тодорхойгүй байсан. харин өнгөрсөн жил уг газрыг дуудлага худалдаагаар худалдсан. Эхний дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөгөөр Монгол эхнэртэй Абдул Карим гэгч кувейт эр худалдаж авсан боловч "Монголчуудын саналыг хүндэтгэн" гэсэн шалтгаантайгаар сайн дураараа эргүүлэн өгсөн. Тэрээр үүнийг гэр бүлд нь ихээхэн хэмжээний дайралт ирж байгаа учраас гэж тодотгож байсан билээ. Ингэснээр уг газрыг дуудлага худалдааны дараагийн оролцогч Таван богд групп авахаар болсон. Энд томоохон худалдааны төв босгоно гэж буй юм. Шинэ ордныг Их тэнгэрт барих талаар санал гаргасан боловч, иргэд эсэргүүцсэн. Тэр тусмаа 76 гишүүнд дахиад ордон барих ямар ч шаардлагагүй гэсэн эсэргүүцэл дэгдэж байсан юм.
Түлэнхийн төвийн барилгыг барихаар нураагаад нэлээд хэдэн жил болсон, төсөв хөрөнгө нь шийдэгдээгүй. Түлэгдэж гэмтсэн хүмүүс Гэмтлийн эмнэлэгт хэвтэж, тэртэй тэргүй ачаалал ихтэй эмнэлэгт хүндрэл үүсгэж, нэг хэсэг хувийн эмнэлгийн барилгыг хүртэл түрээсэлж байсан юм. Мөн саяхнаас төсөв хүрэлцэхгүй байгаа учраас түлэгдэж гэмтсэн хүмүүсийн эмчилгээг хийж чадахгүй байна гэсэн мэдээлэл гарсан билээ.
Тэгээд ч эдийн засаг хүнд, төсвийн алдагдал ихтэй байгаа энэ үед Ерөнхий сайдын энэ санал олон нийтийн дэмжлэгийг авах бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна