Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчдийн холбоо, Хуульчдын холбооны дэргэдэх Шүүгчдийн хороо хамтран "Шүүхийн төсөв, шүүгчийн цалингийн асуудлаар" хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрын 102 тоотод болох аж.
Энэ сарын 23-нд Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын даргад энэ оны төсвийн тодотгол, ирэх онуудын төсвийн төсөөллийг өргөн барьсан.
Ингэхдээ төсвийн зардлыг бууруулах хэд хэдэн санал дэвшүүлсэн юм. Үүнд шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай ижил түвшинд хүргэж, бууруулах санал ч багтсан.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2013 оны 45 дугаар тогтоолоор шүүгчийн албан тушаалын цалинг 2,700.0 мянган төгрөгөөс 3,300.0 мянган төгрөг байхаар тогтоожээ. Цалингийн энэ хэмжээг УИХ-ын 2015 оны арван нэгдүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор баталсан байна.
Шүүгчийн дээрх цалин төрийн албан хаагчийн дундаж цалингаас өндөр, адил мэргэжил, ур чадвар шаардах төрийн бусад адилтгах албан тушаалын цалингаас хэт өндөр байгаа нь хуулийн дээрх зарчимд нийцэхгүй байна гэж Засгийн газар үзжээ.
Иймд нийт 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлэн тогтоодог байх эрх зүйн орчныг өөрчлөхөөр төсвийн төсөлд тусгасан. Ингэснээр
- 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг,
- 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөгөөр цалингийн санг бууруулахаар тооцсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна