Ипотекийн зээлийн асуудлаар /2016.09.01/ Монголын ипотекийн корпораци, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Д.Гантөгс “Ипотекийн зээл гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хөтөлбөрт нэлээд өөрчлөлт орсон. Засгийн газраас 5 хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сонгуулийн өмнө буюу 2016 оны гуравдугаар сард шийдвэрлэж, зохих журамд нь өөрчлөлт оруулсан байгаа. Гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хэрэгжилтийг сайн байгаа гэж үзэж байна.
Одоогийн байдлаар 85 мянган айл өрх орон сууцны 8 болон 5 хувийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан. Эдгээр өрхөд 3.8 их наяд төгрөгийн зээлийг олгож, зах зээлд бүрдүүлсэн байна. Энэ бол асар том хөрөнгө. Үүнийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд шинэ Засгийн газар зөв мэдээлэл өгөх хэрэгтэй” гэв.
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Т.Жамбаажамц “Бид олгосон зээлийг үнэт цаасжуулж байгаа. Энэ нь зээлийн эргэн төлөлт, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан харьцангуй бодитой зүйл. Цаашид ипотекийн зээл үргэлжлэх эсэхийг Монголбанк, Засгийн газрын төвшинд шийдэх байх.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн одоогийн санхүүгийн схем бол өөрөө цаашид удаан хугацаанд үргэлжлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, байнгын мөнгөний урсгал эргэн төлөлтөөр дараагийн зээлээ олгоод байх боломжтой” гэсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна