• Эхлэл
  • Дэлхийн банк: Бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь зөв алхам боллоо

Дэлхийн банк: Бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь зөв алхам боллоо

2016/09/07

Дэлхийн банк Монголын эдийн засгийн тоймыг есдүгээр сарын 6-нд танилцуулсан билээ. Уг тоймоор Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн бодлогын шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Гэхдээ төсвийн бодлогод тохиргоо хийгдэх хугацаанд иргэдийн амьжиргаа, орлогын эх үүсвэрийг хамгаалсан бодлого давхар хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ.

Монгол Улсын төсвийн зардал долоодугаар сард 33 хувиар өсч, алдагдал оны эцэст 18 хувьд хүрэх магадлалтай гэж Дэлхийн банкны шинжээчид төсөөлж байна.

Түүнчлэн цаашид төсвөөс гадуурх зардал буюу Хөгжлийн банкнаас олгож буй зээл, ипотекийн зээлийн санхүүжилт зэргийг төсөвт тусгах нь зүйтэй гэдгийг зөвлөсөн.   

Төв банк оны эхнээс мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж, эдийн засаг руу ихээхэн хэмжээний мөнгө нийлүүлсэн. Тодруулбал, энэ оны дөрвөөс наймдугаар саруудад Засгийн газрын үнэт цаас арилжаалагдаагүй. Улмаар өсөн нэмэгдэж буй төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд Засгийн газар Төв банкны санхүүжилтийг ашигласан байна. Энэ хүрээнд гурваас долоодугаар саруудад Төв банк Засгийн газарт 900 гаруй тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсний ихэнх нь “Сайн” хөтөлбөрүүд болон орон сууцны хөнгөлөлттэй зээлүүдэд зориулагджээ. Үүний нөлөөгөөр М2 мөнгөний нийлүүлэлт гурваас долоодугаар саруудад жилийн дүнгээрээ 40 болон 13 хувиар тус тус өссөн байна.

Их хэмжээний мөнгөний нийлүүлэлтийн үр дүнгээр валютын ханшийн хэлбэлзэл гурваас долоодугаар саруудад ихээхэн нэмэгдсэн бөгөөд Төв банк үүний эсрэг бодлогын хүүг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Энэ нь ханшийг тогтворжуулахад үр дүнгээ өгсөн хэмээн Дэлхийн банкны эдийн засгийн тоймд дурьджээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Тайхюн Ли “Төв банкны эн тэргүүнд тулгараад буй сорилт нь мөнгөний бодлогыг аль болох төсвийн шинжтэй үйл ажиллагаанаас тусгаарлаж, валютын нөөцөө хамгаалах явдал юм” гэлээ. Мөн тэрээр “Төв банк сүүлд бодлогын хүүгээ өсгөсөн нь валютын ханшийн хэлбэлзлийг бууруулахад дэмжлэг болсон. Гэхдээ хэрэв төсвийн зардал нэмэгдсэн хэвээр үргэлжилж, хөтөлбөрүүд Төв банкны санхүүгийн үүсвэрээс дэмжлэг авсан хэвээр байвал мөнгөний хумих бодлогын үр нөлөө сул байх болно” гэв.   


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна