Эдийн засагч Д.Лхагвасүрэнгийн Мөнгөний бодлогын талаар бичсэн нийтлэлийг хүргэж байна
"Долларын ханш тэнгэрт хадлаа. Монголбанк ажлаа хийхгүй байна" гэсэн үг олонтaa сонсогддог. Үнэндээ ч, Монголбанкны үүрэг бол ам.долларын ханшийг бага байлгах явдал гэж үздэг олон хүн бий. Энэхүү түгээмэл хандлагыг сөргүүлэн миний бие мөнгөний бодлогын тухай нэгэн асуудлыг энэхүү богино өгүүлэлд хөндлөө.
Монголбанкны тухай хуулийн 4 дүгээр зүйлд Монголбанкны үндсэн зорилтыг дарааxь байдлаар тодорхойлжээ:
1. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.
2. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ.
Төгрөгийн тогтвортой байдал
Бид дээрх хоёр зорилтын эхнийхийг буюу төгрөгийн тогтвортой байдал гэдгийг их ярьдаг. Тэгэхдээ, төгрөгийн тогтвортой байдал гэдэгт долларын ханшийг ойлгоод байдаг болчихжээ.Энэ бол буруу.
АНУ-ын Холбооны банк ойрын ирээдүйд бодлогын хүүгээ алгуурхан өсгөөд байх магадлал ихэсч байна. Энэ бүхэнд Монголбанк хариу арга хэмжээ аваад хүүгээ өсгөөд байвал мөнгөний бодлогын үр ашигт огт нийцэхгүй. Яагаад гэвэл, манай эдийн засаг нь АНУ-ын эдийн засгаас огт өөр бүтэцтэй, өөр бодит шокийн нөлөөнд оршиж буй. Хараат бус мөнгөний бодлого л улс орны эдийн засагт хэрэгтэй.
Дэлхийн улс орнуудын төв банкны гол зорилтуудын НЭГ нь үнийн тогтвортой байдал. Монгол улсад бараа, үйлчилгээний үнийг төгрөгөөр хэмждэг болохоор, төгрөгийн тогтвортой байдал нь үнийн тогтвортой байдал мөн. Тэгэхээр Монголбанкны үндсэн зорилт нь үг үсгийн хувьд биш юмаа гэхэд, утгын хувьд бусад орнуудын зорилтуудын нэг болох үнийн тогтвортой байдалтaй нийцэж байна. Гэхдээ бид ханшнаас илүү инфляцийг чухалчлах ёстой.Энд нэгэн зүйлийг нэмж тодруулахад, валютын ханш нь түвшинг хэмждэг, инфляци нь өөрчлөлтийг хэмждэг.
Тэнцвэртэй хөгжил
Манай төв банкны тухай хуульд Монголбанкны бас нэгэн чухал зорилтыг үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэx гэж заажээ. Харамсалтай нь тэнцвэртэй хөгжил гэж чухам юуг хэлж байгааг мэдэх хүн Улаанбаатарт, ялангуяа Бага тойруу дотор ховор.
Бид мэргэжлийн түвшиндээ хүртэл хоёр дахь зорилтыг огт анзаардаггүй. Жишээлбэл, УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооноос гаргасан “Төрөөс Мөнгөний Бодлогын Талаар 2015 онд Баримтлах Үндсэн Чиглэл” хэмээх танилцуулга номд Монгол банкны чиг үүргийг
-үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах,
-төлбөр тооцооны гүйлгээний тасралтгүй, чөлөөт эргэлтийг хангах,
-арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих, банкны системийн тогтвортой байдлыг бэхжүүлэх гэж бичжээ (хуудас 11).
Сонирхолтой нь уг номд, Монголбанкны тухай хуулийн 4-р зүйлд заасан зорилт (оbjectives), 5-р зүйлд заасан үйл ажиллагааны чиглэл (function) хоёрыг хооронд нь нийлүүлээд чиг үүрэг гэсэн холбоо үгээр илэрхийлсэн нь асуудлыг бүр ч ойлгомжгүй болгож орхижээ.
Хамгийн гол нь дээрx эшлэлд Монголбанкны тухайхуулийн 4.2-т заасан эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийнтухай огт дурдаагүй байна.Тэнцвэртэй хөгжил гэж чухам юу вэ?
Юуны өмнө тэнцвэртэй хөгжил, тэнцвэртэй өсөлт нь тогтвортой өсөлтөөс огт өөр зүйл. Тогтвортой (stable) өсөлт гэдэгт эдийн засаг энхэл, донхолгүйгээр урт хугацаандаа өсөхийг хэлнэ. Мөн, тэнцвэртэй хөгжлөөс ялгаатай, байгаль дэлхийтэйгээ зохистой харьцааг эрхэмлэн хөгжихийг агуулсан тогтвортой (sustainable) хөгжил гэдэг ойлголт басбий.
Харин, тэнцвэртэй (balanced) хөгжил гэдгийн дор эдийн засгийн салбарууд хоорондоо тэнцвэртэйгээр, ижил хурдтайгаар өсөхийг хэлдэг. Жишээ нь, хөдөлмөрийн орлого, капиталын орлого хоёр адилхан хурдтай өсөхийг хэлнэ. Xүмүүсийн хэрэглээ, хөрөнгө оруулалт нь илүү тэнцвэртэй, жигд хурдтай өсөхийг хэлнэ. Эдийн засгийг морьтой зүйрлэвэл, морины хөл нь бие, толгойноосоо хэт томдчоогүй, эсвэл хэт жижиг биш, тэнцвэртэй байхыг хэлнэ.
Нэмж хэлэхэд, дэлхийн олон улс орнуудын хувьд тэнцвэртэй (balanced) өсөлт гэдэг бол хэвшсэн ойлголт байдаг. Европын Төв банкны зорилтын нэг том хэсэг нь тэнцвэртэй өсөлт мөн. Мөн, манай урд хөршид ч гэсэн энэ асуудал юy юyнаас илүү чухал болжээ. БНХАУ-ын эдийн засаг нь сүүлийн 20 гаруй жилийн турш хурдтай өсөхдөө тэнцвэртэй хөгжиж чадаагүй байна. Тухайлбал, хөрөнгө оруулалт нь хэрэглээнээсээ, үйлчилгээний салбараасаа илүү хурдтай өсч байсан нь цаашид тэр хэвээр үргэлжлэх аргагүй болж, Хятадын эдийн засаг өнөөдөр огцом удааширсaн байна. Энэтхэг ч гэсэн тэнцвэртэй хөгжилдөө онцгой анхаарах хэрэгтэй болжээ.
Энэ бүхний эцэст юу хэлж болох вэ?
Энэ өгүүллийг уншаад Монголбанкны тухай хуулийн үг хэллэгийг илүү ойлгомжтой болгох хэрэгтэй юм байна гэж бодох хүн гарч болох. Тийм бол сайн л байна.
Хамгийн гол нь миний бие энэ өгүүллээрээ Монголбанкны ажлыг зөвхөн үнийн тогтворжилтоор, эсвэл валютын ханшаар дүгнэх нь өрөөсгөл бөгөөд Монголбанкны тухай хуультай нийцэхгүй, улмаар маш том сөрөг үр дагавар үүсгэнэ гэдгийг анхааруулахыг хичээлээ.
Бид мөнгөний бодлогын хүрээнд зөвхөн валютын ханшийг чухалчилснаараа Монголбанкны анхаарах ёстой бусад зорилтонд нь хориг тавьж байна гэсэн үг. Товчхондоо, тогтвортой валютын ханшийг дагаад тэнцвэртэй хөгжил аяндаа бий болдоггүй юм.
Инфляцийг буулгах нь ажил эрхлэлтэнд сайнаар нөлөөлдөг гэх эдийн засагчид цөөн. Харин ч эсрэгээрээ, инфляци өсвөл, ажил эрхлэлт өсдөг гэх хүн зөндөө бий. Тэгэхээр мөнгөний бодлогыг ярихдаа долларын ханшнаас илүүтэй дотоодын хөрөнгө оруулалт, өрхийн орлого, ажил эрхлэлтийг анхаарах ёстой . Төгрөг-долларын ханшийг хараад хүүгээ өсгөөд байж болохгүй.
Үнийн тогтвортой байдал гэдэг маань зөвхөн тогтмол үнэ биш юм. Харин, үнийн өсөлтийн хурд тогтмол байхыг хэлдэг. Өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэх, ажилгүйдлийг бууруулах, тэнцвэрийг хангах үнийн өсөлт байx ёстой. Тиймээс мөнгөний бодлогыг хэлэлцэхдээ бид нэг талаас тогтвортой үнэ, нөгөө талаас эдийн засгийн салбаруудын тэнцвэр хоорондын өгөө-авааг сайтар ойлгох ёстой.
Монголын мөнгөний бодлогыг долларын ханшаар жолоодвол дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөлмөрийн орлого, өрхийн хэрэглээнд муугаар нөлөөлөх эрсдэл эдүгэ улам их болж байна.
Сэтгэгдэл байхгүй байна