• Эхлэл
  • Үзэгчдийг залхаасан “Сахиулсан тэнгэр”-ийн нээлт 

Үзэгчдийг залхаасан “Сахиулсан тэнгэр”-ийн нээлт 

2016/10/27

“Сахиулсан тэнгэр” МУСК-ны нээлт өчигдөр /2016.11.27/ болно гэсэн зар гарсан.

Гэвч “Сахиулсэн тэнгэр”-ийн нээлт гээч нь үнэндээ бол залхаан цээрлүүлэлт аятай юм болов.

Уг нь нээлтийн ажиллагаа оройн 18.30 цагт гэж урилга дээр бичсэн байсан ч цаг ухарсаар эцэстээ үзэгчид нь залхаж, ихэнх нь  нээлтийг орхин явлаа.

Ямарваа нэг арга хэмжээ цагтаа эхэлдэггүй, муухай жишиг Монголд бий нь бий. Харамсалтай нь “Сахиулсан тэнгэрүүд” энэ удаа арай хэтрүүлэв.

Цаг хэтэрлээ хэтэрлээ гэхэд хоёр цаг хүлээнэ гэдэг үзэгчдийн хувьд арай л хэтэрхий. Гэвч хоёр цагийн дараа ч нээлт эхэлсэнгүй. Хөтлөгч-жүжигчин тайзнаа гарч ирэхэд үзэгчид нээлт эхэллээ хэмээн баярласан боловч гол дүрийн жүжигчин, продюсер “хэсэг” үг хэлж, “Сүнс” хамтлагийнхан 20-30 минут дуулж, сэтгэгдэлээ хэлснээр дахиад л нээлтийн арга хэмжээ тасалдав. Хөтлөгчийн хэлснээр найруулагч нь хөдөө яваад ирж амжихгүй байгаа юм байх. Ингээд нээлт хэзээ эхэлж, хэзээ нь кино үзэхийг хэлэх аргагүй боллоо. Ихэнх үзэгчийн тэвчээр барагдаж, “Сахиулсан тэнгэр” МУСК-ны нээлтийн үйл ажиллагааг орхин явсан.

Уг киноны нээлтийн зар их л сүртэй байсан ч бодит байдал маш замбараагүй байлаа. Тэд уг нь “Корпорейт зочид буудлын Конвейшн центр концерт холл танхимд цөөн тооны дэлхийн алдартай кино нээлтээ хийсэн. Тэгвэл энэ сарын 26-нд Монголын уран сайхны “Сахиулсан тэнгэр” киноны нээлт тохиох нь.

“Сахиулсан тэнгэр нь” action төрлөөр бүтээгдсэн, залуусын хайр дурлалын адармаат түүхийг өнөө цагийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас үүсч буй зөрчил тэмцэлтэй уялдуулан өгүүлсэн билээ.

Киноны найруулагчаар СТА Д.Бямбацогт ажиллаж, залуу уран бүтээлчид гол ба туслах дүрийг бүтээсэн байна. Киноны нээлтэнд 1000 орчим урлаг соёлын алдартан, хэвлэл мэдээллийнхэн уригдан оролцох юм” гэсэн сүржин зар тарааж байсан юм.

Үүнийг бичигчийн хувьд ямархуу кино болсныг нээлт болсон эсэхийг хэлж чадахгүй нь. Учир нь 18.30 цагт товлосон нээлтийг 21.00 цаг хүртэл хүлээгээд тэвчээр барагдсан бөлгөө. Нээлтээсээ эхлээд үзэгчдээ залхаасан ямархуу кино байдаг юм бол доо, хөөрхий.

Ч.Гэрэл

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 10 сарын 29
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 10 сарын 29
Сонин хачин