• Эхлэл
  • Бараа бүтээгдэхүүний үнэ аль хэдийн тэнгэрт хадлаа

Бараа бүтээгдэхүүний үнэ аль хэдийн тэнгэрт хадлаа

2016/11/14

Монгол Улсын голлох валют болох америк долларын ханш нэг жилийн өмнө 1900 төгрөгтэй тэнцэж байсан бол он гарсаар 2000 төгрөг болж, өнөөдрийг хүртэл тасралтгүй өссөөр нэг ам.доллар 2600 монгол төгрөгтэй тэнцээд байна.

Ам.долларын ханш чангарахтай зэрэгцээд бараа бүтээгдэхүүний үнэ ханш мөн өсчээ.

Энэ нь энгийн нэг үзэгдэл бус өмнө нь ч мөн ам.долларын ханш өсөхөд бараа бүтээгдэхүүний үнэ автоматаар өсч байсан. Харамсалтай нь ханш буурлаа гээд өссөн үнээ бууруулдаггүй. Энэ нь наймаачдын үнийн хөөсрөл бий болгох арга гэхэд хэлсдэхгүй.

 

Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш 2700 төгрөгт хүрэх шахсан нь нийгмийг ихэд цочроосон.

Үүний маргааш өдөр нь наймаачид үнэ ханшаа нэмснээ ам.долларын ханштай холбон тайлбарлалаа. Угтаа бол ам.долларын ханш өсөхөөс өмнө бараа бүтээгдэхүүнээ татсан байлтай. Гэвч дөнгөж шинэ барааг дөнгөж өнөөдрхөн өссөн ханшийн үнээр худалдан авчирч худалдаалж байгаа мэт аашилж байна.

Ийнхүү өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хувьд үнээ ийн өсгөж байгаа нь үнэхээр валютын ханшийн нөлөөлөл уу, хий хөөрөгдөлт үү гэдгийг нухацтай харах нь зүйтэй байх.

Нөгөөтэйгүүр ам.долларын ханшийн өсөлт монгол төгрөг үнэгүйдэж, эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж байгаа нь бас тодорхой. Ялангуяа энэхүү өсөлт ам.долларын зээлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд хамгийн хүндээр тусч байгаа тухай зээлтэй иргэд ААН-ийнхэн хэлж байна.

Томоохон аж ахуйн нэгжүүд ам.долларын зээлийн хүүд нэг тэрбум орчим төгрөг төлж байгаа бол жижиг аж ахуйн нэгжүүд зарим барааныхаа нийлүүлэлтийг зогсоох, зогсоож болохгүй бараагаа татахдаа өндөр үнэ төлж авах болжээ.

Түүнчлэн арилжааны банкуудаас ам.долларын зээл авсан иргэд өнөөдөр маргаашийн хоолны мөнгөө ханшийн зөрүүнд төлж буйгаа ярьж байгааг харахад энэ удаагийн ханшийн өсөлт нийгэмд маш том асуудал үүсгээд буй хэрэг.

Ингээд зогсохгүй ханшийн өсөлт Монгол Улсын гадаадад төлөх өрийн хэмжээнд мөн өөрчлөлт оруулж буй юм. Ирэх 2017  онд бондуудын эргэн төлөлт хийгдэх ба нийт дүнгээр 685 сая ам.долларын эргэн төлөлт хийхээр байгаа.

Энэ нь ирэх онд валютын гарах урсгалыг ихээр нэмэгдүүлж, зах зээлд долларын хомсдол бий болгох төлөвтэй байгааг эдийн засагчид хэлж байна. Хэрэв ам.долларын ханш энэ хэвээр байвал ханшийн зөрүүнээс үүдэж зөвхөн бондуудын төлбөрөөс манай улс 2.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээж болзошгүй байгаа аж.

Ч.Болор

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин