• Эхлэл
  • Д.Эрдэнэбаяр: Эдийн засгийн онцгой бодлогыг хэрэгжүүлнэ

Д.Эрдэнэбаяр: Эдийн засгийн онцгой бодлогыг хэрэгжүүлнэ

2016/11/18

Үндэсний хөгжлийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр, Тогтвортой хөгжил нийгмийн хариуцлагын зөвлөл хамтран 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр “Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016”-ыг амжилттай зохион байгууллаа.

НҮБ-аас 17 зорилго, 169 зорилт, 241 шалгуур үзүүлэлттэй “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт”-ыг энэ онд баталсан. Энэ баримт бичгийн хамгийн эхэнд ядуурлыг бууруулах асуудал багтсан байдаг. Манай улс ч мөн адил дөрвөн бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлттэй “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг баталсан.

Энэ баримт бичиг батлагдсантай холбогдуулж өнөөдрийн форумыг зохион байгуулсан юм. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Дуппэл, НҮБ-ын суурин төлөөлөгч, Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Б.Транкман, Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал Др.Ш.Ханселманн нарын хүмүүс оролцож илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр “Үндэсний хөгжлийн газар нь Төсвийн тухай хуулиар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулж батлуулж, хэрэгжилтийг нь хариуцахаар байгаа. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр дөрвөн жилийн хугацаатай төлөвлөгдөнө. 2017 оны 5 дугаар сарын 15-нд энэ баримт бичгийг бүх салбар, яамдуудтай хамтран батлуулахаар ажиллаж байна. Энэ баримт бичигт улсын төсөв, гадаадын хөрөнгө шууд хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшил, концессын асуудал гээд зургаан эх үүсвэртэй. Ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр бодит салбарын тодорхой төслүүд дээр ажиллаж байна. Бусад эх үүсвэрүүдийг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй уялдуулна. 1990 оноос хойш Монгол Улсын хөгжил бодлого төлөвлөлтийн асуудлаар өөрийн гэсэн хуульгүй явж ирсэн. Харин 2005 онд анх удаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуультай болсон. Салбар, үндэсний, орон нутгийн хэмжээнд бодлогуудын баримт бичгийн бүтцийг баталж хуульчилж өгсөн. Цаашид хэрэгжилтийг зохион байгуулах бодлоготой болсон, дунд хугацааны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртай боллоо. Дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийн 17 зорилтыг яаж хүргэх асуудал бий. Өмнө нь Мянганы хөгжлийн зорилтууд гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж тодорхой амжилтад хүрсэн. Харин одоо бол Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар 15 жил явна. Үүнийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оролцоо, орон нутгийн хөгжил ямар байх вэ гэдэг асуудлыг тодорхой болгож байж цаашдаа хөгжүүлэх ахиц гарна. Улсын хэмжээнд тулгамдаж байгаа асуудал гэвэл эдийн засгийн хүндрэлтэй байдал үүссэн. Засгийн газрыг мөрийн хөтөлбөрт хоёр шатлалттай хөтөлбөр хэрэгжүүлнэ. Эхний хоёр жилдээ эдийн засгийн хүндрэлээс гарах онцгой бодлогыг хэрэгжүүлнэ. Дараагийн хоёр жилд эдийн засгийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлнэ гэж заасан байгаа” гэв.

Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн Судалгаа шинжилгээний албаны дарга А.Мөнхбат “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг хэрхэн хэрэгжүүлэх талаар дараах байр суурийг авсан юм. Тэрбээр “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д багтсан ядуурлыг бууруулахын тулд иргэдийг ажлын байраар хангах асуудал нэгдүгээрт тавигдаж байна. Үүний тулд хөдөлмөр эрхлэлт болон ажлын байр бий болгодог компанийг дэмжих ёстой. Тиймээс компанийг хэрхэн дэмжих асуудлыг энэ форумаар ярьж байна. Хоёрдугаарт, Орон нутгийн хөгжлийг бий болгохын төлөө бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах зайлшгүй шаардлага бий. Энэ мэт маш олон ажил биднийг хүлээж байна. Өнөөдрийн хурлаас гадна маргааш орон нутгийн зөвлөлдөх уулзалт хийнэ. Энэ уулзалтаар орон нутгийн удирдлагуудаас хийх ажлын төлөвлөгөөг нь сонсоно. Үүний дараа “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д багтаж байгаа орон нутгийг хөгжүүлэх чиглэлийн ажлуудыг танилцуулах юм. Мөн арваннэгдүгээр сарын 25-нд салбар яамдын бодлого боловсруулагчид уулзана. Тэрхүү уулзалтаар “Тотгвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй хэрхэн уялдуулах асуудлыг авч хэлэлцэх юм” гэв.

Эх сурвалж: Үндэсний Хөгжлийн газар


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин