Дорнод аймаг дахь "Зөв боломж" компанийн ажилтнууд хордлогод өртөн дөрвөн хүн амь насаа алдаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Нийт 24 хүн хордсон бөгөөд ажлын байрандаа спиртийн төрлийн шингэнийг архи гэж андууран уусан бөгөөд уг шингэнийг хаанаас авчирсан, ямар шингэн байсан талаар шинжилж нягталж байгаа гэж мэдээлсэн билээ.
Тэгвэл энэ талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдээлэл хийлээ. Яамны албан ёсны мэдээлэлд урьдчилсан байдлаар “Зөв боломж”ХХК-ийн 23 ажилчныг техникийн спирт уусан байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна. Одоогоор 23 өвчтнийг илрүүлж, 15 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт 5 өвчтөнд гемодиализ эмчилгээнд оруулаад байна. Өвчтнүүдийн биеийн байдал тогтворжиж байгаа гэж мэргэжлийн багаас мэдээллээ. Цаашид ард иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх мөн сэрэмжлүүлэг, мэдээллийг эрчимтэй зохион байгуулах талаар мэргэжлийн байгууллагуудад чиглэл өглөө гэсэн байна.
Мэргэжлийн хяналтын газраас “Зөв боломж” компанид Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, ажиллагсдын нийгмийн баталгаа, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг зөрчсөн нь тогтоогдсон тул үйл ажиллагааг нь аравдугаар сарын 9-ний өдөр түр зогсоож, зөрчил арилгах албан шаардлага, үүрэг даалгавар өгсөн талаар мэдээлээд буй.
Тэгвэл тухайн үед болсон явдлын талаар “Зөв боломж” ХХК гүйцэтгэх захирал Л.Банзрагч ийнхүү тайлбарласан байна
-Тухайн өдөр буюу арваннэгдүгээр сарын 25-ний өдөр Цагаан хэрмийн 565 дугаар өрмийн туслах ажилчид амрах байрнаасаа хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваад ажилд гарч ажиллаж байхдаа Дачин тамсаг компанийн өрмийн 3-р ангийн төв кемпд ажил үүргийн хуваарийн дагуу бараа материал буулгах явцдаа савтай шингэн архи спиртийн үнэртэй зүйл олж түүнийгээ тухайн анги салбар дээрх түр амрах байранд орж хуваан хэрэглэснээс хордлого үүссэн.
Өнөөдрийн байдлаар манай компанийн 4 ажилчны амь нас эрсдэж 15 хүн их бага ямар нэгэн хэмжээгээр хордож маш ноцтой асуудал үүссэн нь үнэн. Хордлого авсан иргэд “Зүүн Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв”-ийн эмч мэргэжилтнүүдийн хяналтын дор хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна.
-Тухайн шингэнийг танай агуулахад байсан гээд байгаа шүү дээ.
-Тухайн бодисын гарал үүсэл, ашиглалт хадгалалт хамгаалалтын талаар болон, гарсан хэрэг зөрчил, үүссэн нөхцөл байдлын талаар мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага өргөн бүрэлдэхүүнээр шуурхай ажиллаж байна.
Хэрэг явдлыг манай кэмпэд гарсан мэтээр мэдээлж байна. Тухайн хэрэг манай кэмпээс 4 км зайтай төв кэмп дээр ажиллаж байсан амрах байранд болсон. Манай компанийн тухайд химийн шинж чанартай бодис огт байхгүй бөгөөд ямар нэгэн хэмжээгээр хэрэглэх шаардлага ч байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Манайх зөвхөн ажилчдын хоол хүнс, тээвэр, орон байр, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилладаг компани юм. Манай компанийн хүнсний агуулахад байсан зүйл мэтээр зориудаар ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул бусад зүйлд нэмэлт тайлбар өгөх боломжгүй байна.
-Танайх хэзээнээс эхэлж “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм бэ?
-Манай компани нь 2012 оноос эхлэн Газрын тосны хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Петро Чайна Дачин Тамсаг” ХХКомпанитай хамтран ажиллах гэрээ байгуулан, монгол туслах ажилчдын асуудлыг хариуцан ажиллаж орон нутгийн иргэдийг ажлын байраар ханган хамтран ажиллаж ирсэн.
Энэ онд манай компани “Петро Чайна Дачин Тамсаг” ХХКомпаний туслан гүйцэтгэгч БНХАУ-ын компаниудтай Монгол Улсын хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулан нийт 442 гэрээт ажилчныг гэрээний дагуу ажиллуулж байна.
-Аравдугаар сард мэргэжлийн хяналтын байгууллагаас танай компанид хяналт, шалгалт хийж үйл ажиллагааг зогсоосон талаар мэдээлсэн. Ямар зөрчил илэрсэн юм бэ?
-Нэгдүгээр хоолны тогооны уурын сорогчийн хүчин чадлыг сайжруул гэж аравдугаар сард лацадсан. Бид энэ үүрэг даалгаврыг биелүүлж, цагт 8000 куб метр уурын хоолой шинээр байгуулсан. Хөдөлмөрийн аюулгүй орчин, хууль эрхзүйн орчинд зөрчил байхгүй.
Бид үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш мэргэжлийн байгууллагын 6 дахь удаагийн шалгалтаар шалгагдсан. Тухайн үед огцом хүйтэрснээс болж уур сорогчийн хүчин чадалд өөрчлөлт орсон байсан. Үүнийг нь засаж сайжруулсан гэжээ.
Харин үүнээс хойш уг шингэн нь техникийн спирт байсан бөгөөд Хятад эмэгтэй авчирч ажилчдад зарсан гэсэн мэдээлэл байна. Үүнд:
Тус компанид хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй 5 литрийн савтай, 3 ширхэг метилийн спирт оруулж ирсэн нь шалгалтаар тогтоогдож хэргээ хүлээсэн байна. Хордсон иргэдэд хийсэн шинжилгээгээр техникийн спиртийн хордлого гэсэн онош гарчээ. Үүнд нь этил, метил болон бусад техникийн цэвэрлэгээнд ашигладаг бодисууд орсон байдаг байна. Лаборторийн шинжилгээний дүн, хордсон иргэдийн эмнэлзүйн шинж тэмдэгтэй таарч байгааг ЭМЯ-ны Хордлого судлалын ерөнхий мэргэжилтэн доктор, профессор С.Юндэн хэллээ. Хордсон ажилчид анх ирэхдээ хараа бүдгэрсэн, хавантай байжээ. Харин одоо биеийн байдал нь харьцангуй дээрдэж Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа 2 иргэний бие тогтвортой хүндэвтэр, 3 нь дунд гэсэн байдалд шилжжээ. Яг одоо цус цэвэршүүлэх, хоргүйжүүлэх эрчимт эмчилгээ хийгдэж байна. Хордлогын голомт намжсан мэдээллийг албаныхан хэлж байна гэж ТВ-5 телевиз мэдээлсэн байна.
Холбоотой мэдээллийг дорж дарж уншина уу.
“Зөв боломж” ХХК-д хариуцлага тооцно
Сэтгэгдэл байхгүй байна