Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг бууруулах эсэх талаах хэлэлцэв. Тэд бодлогын хүүг нэг пунктээр бууруулан, 14 хувь болгохоор шийдвэрлэжээ.
Өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 10.5-15 хувь болгон огцом өсгөсөн. Үүнийг төгрөгийн ханшны огцом өөрчлөлтийн эсрэг авсан арга хэмжээ гэж өмнө нь тайлбарлаж байсан. Тэгвэл Монголбанкнаас тодорхой арга хэмжээ авснаар ханшны огцом савлалт суларсан гэж үзэж бодлогын хүүг бууруулж байгаа бололтой. Ингээд албан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.
Мөнгөний бодлогын мэдэгдэл
Дугаар: 2016/05 Мөрдөх огноо: 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Мөнгөний бодлогын зөвлөл 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 14 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Монголбанкнаас 2016 оны 8 дугаар сард мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь валютын ханшийн тогтворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлж, гадаад валютын нөөцийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад үр дүнгээ өгөв. Инфляци ирэх онд зорилтот түвшнээс доогуур байж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байхаар байна. Гадаад худалдааны нөхцөл хүлээгдэж байснаас сайжирч байгаа нь валютын дотогшлох урсгал, төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод эерэгээр нөлөөлнө. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны улсын төсвийн тухай хуулиар төсвийн сахилга бат сайжирч, дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарахаар байна. Иймд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү бодлогын үр нөлөө, мөнгөний бодлогын цаашдын төлөв нь Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, төсвийн сахилга бат, гадаад өрийн эргэн төлөлт зэргээс хамаарна. Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ
Сэтгэгдэл байхгүй байна