УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас баривчилсантай зэрэгцээд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг мөн баривчлах гэж байна гэсэн дуулиан дэгдсэн. Түүнийг өчигдөр /2017.02.22/-нд мөрдөн байцаалтад дуудсан боловч ирэхгүй байна гэсэн мэдээлэл цацагдсан. Харин өмгөөлөгч нь 2017.02.23-ны 10.00 цагт очиж мэдүүлгээ өгнө гэсэн мэдээлэл өгсөн билээ. Энэ дагуу Н.Алтанхуяг өнөөдөр 10.30 цагт өмгөөлөгчийн хамт АТГ-т очиж байцаалтаа өгчээ. Тэрээр гурав дахь удаагаа ийн байцаалт өгч байгаа юм. Түүнийг зургаан цагийн турш байцаалт өгөхөд хэвлэлийнхэн баривчлах гэж байж болзошгүй гэж чих тавьж байв. Тэгвэл байцаах ажиллагаа 16.00 үед дууссаныг эх сурвалж мэдээллээ.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бус тендер явуулсан. Тендерт өөрийн ойр дотны хүмүүсийн компанийг шалгаруулсан. Улмаар улсын төсвийн хөрөнгөөр чанарын шаардлага хангахгүй тоглоомын төв хүлээлгэн өгсөн хэрэгт шалгаж буйг албаны эх сурвалж тодотголоо. Өмнө нь буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүний эхнэр болон дүүг нь шалгаж байгаа хэмээн хилээр гарахыг нь хориглосон. Ийн гэр бүлийг нь дарамталж байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болно гэж мэдэгдэж байсан. Мөн түүний зөвлөх Л.Гансүхийг нүүрсний хэмээх хэрэгт буруутган шүүхээс ял тогтоон, жил гаруйн хугацаанд шоронд суусан Л.Гансүх магадлангийн шаардлага хангасан учир саяхан суллагдаад байгаа. Мөн түүний хүргэн хэмээх С.Дэнзэн баривчлан шалгаж байгаа бөгөөд шүүх хурал өчигдөр товлогдоод байсан ч гуравдугаар сарын 20 хүртэл хойшлуулаад байгаа юм.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:
Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Д.Золжаргал тендерийн хэрэгт холбогдуулан байцаажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Алтанхуяг нь Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдон ажиллаж байхдаа тус дүүргийн 32 дугаар хорооны хүүхдийн тоглоомын талбай ашиглалтад оруулахаар тендер явуулсан. Уг тендерт ойр тойрны хүмүүсийн компаниудыг тшалгаруулсан, тухайн компаниуд нь чанарын шаардлагагүй хангахгүй талбай хүлээлгэн өгсөн гэж буруутгасан бололтой.
Тоглоомын талбайг хийсэн "Алтантэнгэр" компани нь дүүгийнх нь, "Аргаадан" компани нь хүргэнийх нь, "ХБО" нь зөвлөхийнх нь гэнэ. Тиймээс Н.Алтанхуягийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бус тендер явуулсан чанарын шаардлага хангахгүй тоглоомын төв хүлээлгэн өгсөн, хууль бусаар хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулан ашигласан гэх зэрэг хэрэгт шалгасан гэжээ. Тэгэхээр өмнө нь хилээр гарахыг хориглоод байсан дүүг нь тоглоомын "төвийн хэрэг"-ээр шалгасан болж таарч байх шиг байна.
А.Ану


Сэтгэгдэл байхгүй байна