• Эхлэл
  • Э.Бат-Үүл та үгээ хэл

Э.Бат-Үүл та үгээ хэл

2017/04/27

Хоёр парламенттанй засаглалыг сонсохыг ч хүсдэггүй байсан МАН нэгэнт олон нийтийн анхаарлыг татаж байгаа амттай энэ сэдвийг Ерөнхийлөгчийн сонгууль бас нэг туг болгон ашиглах нь тодорхой болж эхлэв. Тун яаруу сандруу тунхаглан зарласан Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх санал асуугалга  /2017.04.07-нд баталсан. Эхний зөвлөлдөх уулзалт энэ дөрөвдзгээр сарын 29,30-нд болно./-даа хоёр парламентын талаарх асуулгыг тэд нэмж оруулжээ. Та бүхэн анзаарсан байх зургаан зүйл бүхий санал асуулгын зургадугаар хэсэгт

-6.Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах гэсэн асуултыг тэд тусгайлан суулгаж өгч. Гэхдээ “Жижигхэн Боёо” гэдэг шиг асуултуудын хамгийн төгсгөлд гэнэ сэрэггүй гэмээр “жижигхэн” асуулт. Эрх баригчдын хувьд хэзээ ч хүсэмгүй энэ өөрчлөлтийг санал асуулгад тусгасан нь ч учиртай биз. Өнөөгийн нийгмийн “гацаа”-г олон нийт тэртэй тэргүй олж харан, тогтолцооны гажигт бухимдан байгаа энэ цаг үед  яалт ч үгүй

Уг нь хоёр танхимт парламентын сонгодог тогтолцоо гэдэг монголчуудын хувьд шинэ зүйл биш. Эдийн засаг, нийгмийн давхар өөрчлөлт хийсэн шуугиант он жилүүдэд социализмын үед дүр төдий хадгалагдаж ирсэн хоёр танхимын тогтолцоог монголчууд 1992 онд өөрсдөө халсан. Юм бүхэн шинэ тутам, улс төр, нийгмийн тогтоц бүхэлдээ шинэчлэгдэж, донсолж байсан цаг үед магадгүй үүнээс өөр тохиромжтой шийдэл ч үгүй байсан ч биз. Гэвч хоёр танхимт парламентын тогтолцоо өнгөрсөн он жилүүдэд ч олонтаа яригдаж байсныг олон нийт мартаагүй байх.

Сонин, хэвлэлийн шарласан хуудсыг сөхөж харахад ч шинэхэн мэт хэвээрээ байгаа. Монголын өнөөгийн нийгмийн тогтолцоо ганхан, олон нийт итгэл бүдгэрэн, бухимдах бүрийнд сөхөгдөн гарч ирдэг, магадгүй өнөөдөр хамгийн хурц сэдэв болоод байгаа хоёр танхимыг тогтолцооны талаарх яриа хөөрөө өнгөрсөн жилэээс улам хүчийг аван иргэдийн сайн дурын хөдөлгөөн болон өргөжсөн. “АИХ” хэмээх хуучны нэрээр нэрлэгдсэн энэ хөдөлгөөн өдрөөс өдөр ирэх бүр олон нийтийн дэмжлэгийг авч байна. Үүнийг ч эрх баригч хүчин олж харсан, олж харахаас ч өөр аргагүй нөхцөл байдал үүссэн хэрэг.

Харин түүнийг жинхэнэ ёсоор нь иргэдийн төлөөллийн баталгаажсан эрх, нийгмийн тогтолцооны хэмжээнд хүргэх хүсэл сонирхол, чин эрмэлзлэл эрх баригчдад байна уу, үгүй юу? Дээр өгүүлсэнчлэн “жижигхэн Боёо” гэдэг шиг асуултаас эхлээд эрх баригчдын хувьд энэ бол шийдэлд хүргэхээс илүүтэй сонгуулийн шоу, хүмүүсийн санал, анхаарлыг татах гэсэн нэг том хөзөр л байж болзошгүй гэсэн хардлага зүй ёсоор төрөхөөр байна.

Хоёр парламентын тогтолцоо хэмээгч нь богинохон томьёололтой мэт боловч ямар бүтэц, зохион байгуулалттай, ажил үүрэг, эрх мэдлийн ямар хуваарилалттай байх гэх мэт нь маш өргөн хүрээний том асуудал. Өнөөдөр ч маш олон тодорхойгүй асуулт, мэтгэлцээн, санал санаачлагууд бий. Дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулсан энэ цаг мөчид санаатай санамсаргүй олон агуулга, “сонирхол” нэгдэх магадлалтай гэдэг нь хаа хаанаа тодорхой.

АИХ хэмээх хөдөлгөөнийг  ч Ерөнхийлөгчийн сонгуультай холбон харж байгаа хэсэг бий. Э.Бат-Үүлийн санаачилсан хөдөлгөөн гэж аль хэдийнэ яригдаад эхэлсэн. Уг нь энэ тухай яриа хөөрөө энэ зууны эхнээс л яригдаж байсныг олон хүн санаж байгаа, дээр өгүүлсэн сонин хэвлэлийн хуудаснаа гэрчтэйгээр бий гэж. Зарим нөхөд 2004 оноос /магадгүй үүнээс ч өмнө/ энэ талаар хүчтэй өгүүлж, АИХ хөдөлгөөнийнхөн 2005 оноос судалгаа, харьцуулалт хийж, концепци боловсруулж эхэлсэн гэдэг.

Тухайн үед энэхүү хоёр парламентын талаарх үзэл санааг “Дэврүүн Бат-Үүлийн бас нэг мөрөөдөл” ч гэж даапаалж байв. Харин одоо тийн шоглож байсан хүмүүс ч аль хэдийнэ тогтолцооны гажиг хэрээс хэтэрснийг хүлээн зөвшөөрч, алдааг засах гарцыг хайж, сонгодог парламентын тогтолцоог хүлээн зөвшөөрч байна. Эрэл хайгуул бүхэн эхлэл, өрнөл, алдаа, гарцтай байдгын адилаар зарчмын олон санал гарч байгаа. Гэвч яалт ч үгүй галт тэрэг хөдөлсөн. Одоо хоёр танхимт парламентын тогтолцоо руу шилжих нь зөв эсэх тухай яриа ард хоцорсон.

Харин одоо яаж, хэрхэн шилжих вэ гэдэг нь чухал. Ц.Элбэгдоржийн “Бид алдаа гаргасан. Гэхдээ ямар алдаа гаргаснаа, яагаад гэдгийг нь мэдэж байгаа учраас бид засах ёстой юм” гэсэнчлэн АИХ-ыг тараахад хамгийн чанга хашгирч байсан гэж Э.Бат-Үүл нарыг шүүмжилдэг хүмүүс яагаад тухайн үеийн АИХ-ыг тараахаас өөр аргагүй байсныг мэдэж байгаа. Тиймийн хэрээр Э.Бат-Үүл одоо хамгийн чанга дуугарч, эцсээ хүртэл зүтгэх ёстой хүн нь.

Олон жилийн өмнө сэтгүүлч Л.Мөнхбаясгалан түүнийг нэгэнтээ “Сүүлчийн могикан, үзэл санаааны төлөө эцсээ хүртэл тэмцэх цөөхөн хүмүүсийн нэг” гэж бичиж байсанчлан, магадгүй хамгийн тууштай байж чадах цөөхөн хүмүүсийн нэг нь. Тиймээс танд өнөөдөртөө ухрах зам алга, Э.Бат-Үүл баатар аа. Хувьсгалыг зоригтнууд эхлүүлж, суутнууд үргэлжлүүлэн, бэртэгчингүүд үр ашгийг нь хүртдэг гэсэн үг ч байдаг. Хоёр танхимт парламентын үүсгэл санаачлагыг, нэрэндэээрээ бүр нам дээрээ наах гэсэн аль хэдийнэ гараад ирлээ.

Хэнд таалагдах ямар санал байна вэ гэдгийг сонгуулийн өмнө л гэнэт харж, өөртөө наах гэдэг нь угаасаа улстөрчдийн зан. Түүнд нь “итгэж ханадаггүй” нь ч ард түмэн бидний зан. Тэгвэл одоо бүгдээрээ томоор харах гэж хичээе. Хэн олон нийтийн санаа бодлыг энд тусгаж, ажил хэрэг болгож чадах вэ? Чадах хүмүүс нь үгээ хэл. Төдийгөөс өдий хүртэл  бүтэшгүй мөрөөдөл гэж шоглуултлаа олон жил ярьж байгаа Э.Бат-Үүл нар үгээ хэл.  Таны хувьд ардчилсан хувьсгалын тань нэг шат биелээгүй, гүйцэтгэгдээгүй байна. Биелүүлж чадна гэсэн найдвар байгаа учраас одоо хүртэл танаас амыг чинь асууж байгаа??? Энэ бидний хүссэн, та бүхний тэмцэж авчирсан АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ мөн байсан уу гэж. Та ч энэ асуултыг өөртөө тавьж байгаа.

Бидэнд алдсан гашуун туршлага олон бий. Одоо алдаагаа засахгүй бол хэзээ ч чадахгүй.  

Тийм болохоор Бат-Үүл баатар аа, та хөшигний ардаас гар. Танд болон танай нөхдөд ямар зарчмын шийдэл байна? Чаддаг юм бол зарчмаа ярь, асуудлаа шийд гэж таныг хэвлэлийн хуудсаар уриалж байна. Та одоо үгээ хэл, ард түмэн танаас амыг тань асууг? Галт тэрэг хөдөлсөн.

Нийтлэлч: А.Алтантуяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин