• Эхлэл
  • Монгол улс өгөөмрөөрөө дэлхийд 29 дүгээрт жагслаа

Монгол улс өгөөмрөөрөө дэлхийд 29 дүгээрт жагслаа

2017/09/05

ЛОНДОН. /cafonline/.  Их Британийн “Charities Aid Formation” буяны байгууллага улс орнуудыг хэр өгөөмрөөр нь жагсаасан “World Giving Index 2017”  тайлангаа даваа гарагт танилцуулжээ.

Дэлхийн нийт хүн амын 95 хувийн төлөөлөл болсон 139 улс орныг хамруулсан уг жагсаалтад Монгол Улс 29 дүгээр байрт бичигдсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр байраар ухарсан үзүүлэлт аж.

Ард түмэн нь буяны байгууллагад хэр хандив өгдөг, сайн дурын ажилд хэр идэвхтэй оролцдог болон зовж зүдэрсэн танихгүй хүнд тусалдаг эсэх гэсэн гурван шалгуураар улс орнуудыг жагсаасан байна.
Энэхүү жагсаалтыг Мьянмар улс дөрвөн жил дараалан тэргүүлжээ. Зүүн Өмнөд Азийн энэ улсад судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын ес нь “Буяны үйлсэд идэвхтэй оролцдог” гэж хариулжээ.

Жагсаалтын хоёр ба гуравдугаар байрт Индонез болон Кени улс бичигдсэн байна.

Харин жагсаалтын 139 дүгээр байрт дайны хөлд нэрвэгдээд буй Йемен улс оржээ.

“Charities Aid Formation” байгууллагын мэдэгдсэнээр, 2017 онд дэлхийн хэмжээнд өглөг өгөх нь ерөнхийдөө багассан боловч хамгийн ядуу тив болох Африкийн улс орнуудын ард иргэд өглөг өгч, сайн үйлсийн ажилд оролцох нь эрс нэмэгджээ.

Эх сурвалж-montsame.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин