• Эхлэл
  • Хятадыг атгаж буй таван эрхэм

Хятадыг атгаж буй таван эрхэм

2017/10/13

Одоогоос ердөө хэдхэн жилийн өмнө хаалттай хөшигний цаана нуугдаж, олон улсыг дарангуйллаараа мэгдүүлж байсан Хятад улс өнөөдөр хөшигөө цэлийтэл нээж, төв тайзан дээр бардам гэгч зогсох боллоо. Африкийн ихэнх улсуудад хөрөнгө оруулж, Их Британи, Герман, Франц тэргүүтэй баруун европын улсуудад эдийн засгийн дэмжлэг үзүүлж, түрийвчнийхээ хэмжээгээр дэлхийд зөвхөн АНУ-ын дараа л бичигдэж байна. Азийн хамгийн том эдийн засаг гэгдэх энэ улсын шатрын хөлгөн дээр хэн гэдэг хүн хамгийн хүчтэй байгааг та бүхэнд танилцуулъя.

5. Ли Көциан

Улстөрийн байр суурийнхаа хувьд Хятадын хоёрдугаар хүн гэгдэх түүний улстөрийн байр суурь, зан чанарыг нь үнэлсэн судлаачид дараагийн удирдагч хэмээн дүгнэдэг. Одоогоос таван жилийн өмнө болсон Хятадын коммунист намын 18-р хурлаар Ши Жинпин засгийн эрхийг авахад хоёрдугаар хүнээрээ Ли Көцианыг нэрлэжээ. “Дэлхийн хамгийн том гүрний ерөнхий менежерийн албыг тэрээр хашдаг. Энэ том улсын эдийн засаг, нийгэм, технологийн өөрчлөлтийг тэр л удирдан чиглүүлж байгаа” гэж CNN агентлагийн Хятад судлалын шинжээч Жие Бо ярьжээ.

Тэрээр өмнөх удирдагч Ху Жинтаогийн үед Коммунист залуучуудын эвлэлийг тэргүүлснээс хойш улстөрийн замнал нь эхэлж, улмаар Хенан мужийн захирагчаар хүртэл томилогдож байжээ. Бээжин хотын үндэсний их сургуулийн эдийн засгийн ухааны доктор зэрэгтэй тэрээр одоо улсын ерөнхий сайд болтлоо дэвшээд байна. Эдийн засгийн шинжилгээний Форбес сэтгүүл түүнийг дэлхийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтын 12-рт эрэмбэлсэн нь тохиодлын хэрэг биш юм.

4. Ма Хуатенг

Хэрвээ та өнөөгийн Хятад оронд зочилбол хүн бүр утсаа ширтэн, мессеж бичилцэж байгааг харах болно. Гэхдээ тэд фейсбүүк, твиттер бус өөрийн дотоодын “Вичат”-ыг ашигладаг билээ. Хятадын ухаалаг утас хэрэглэг бараг хүн бүр энэ аппликешныг ашиглаж байна. Улстөр болоод засаглалын өөр байдлаас шалтгаалан гадны нийгмийн сүлжээний цахим хуудсуудыг хориглодог энэ улсад хамгийн хүчтэй аппликешн нь “Вичат” болоод байна. Үүнийг үндэслэгч Ма Хуатенг луут гүрний гурав дахь баян хүн юм. Хятадын бизнес ертөнцөд түүнийг “Пони Ма” гэж дууддаг. Түүний урд Алибаба-г үндэслэгч Жек Ма, “Далиан Ванда” группыг үндэслэгч Ванг Жинлиан нар л бичигддэг юм.

1998 онд их сургуулийнхаа ангийн хэдэн нөхдийн хамтаар хоорондоо харилцаж, санал бодлоо солилцох, ярих, мессеж бичих зориулалт бүхий нэгэн төхөөрөмжийг сэдсэн нь өнөөгийн “Вичат”-ын эхлэл байжээ. Одоогоор тус чатыг Хятадын нэг тэрбум хүн ашиглаж байгаа гэсэн судалгаа гараад байна. Интернет, технологийн хязгааргүй өргөн сүлжээг төгс ашиглаж, нийгмийг ихээр өөрчилж байгаа технологийн компаниудын хүчийг Ши Жинпин ашиглахаар болж “Вичат”-ыг байгаа болгоод байна. Одоогоос яг жилийн өмнө “Вичат” болон “Тенсент” компаниудыг улсын нууц задруулах эрсдэлтэй гэж үзэн хамтарсан уулзалт зохион байгуулж, кибер орчныг хамгаалах зэрэг ажлуудыг хийх болсон гэдгийг гадны хэвлэлүүд онцлоод байгаа билээ.

3. Ван Цишан

Хятадын тав дахь үеийн удирдагчид засгийн эрхийг атгасан 2012 онд Хятадын Коммунист намын төв хорооны сахилга батын хэлтсийн ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон хүн бол Ван Цишан юм. Ши Жинпин засгийн эрхийг авмагцаа авлига хээл хахуультай тууштай тэмцэхээ амлаж улмаар төрийн өндөр албан тушаалтнуудыг хянан шалгаж, улмаар хууль ёсны хариуцлага хүлээлгэнэ гэж зарласнаас хойш төрийн өндөр албан тушаалтнуудыг чичрүүлэх болсон хүн нь Ван Цишан. Улстөрийн хүрээнд түүнийг “Нисдэг бар” гэж хочилсон нь ч бий.

Тэрээр Шиан хотын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэж улмаар 1982-1988 оныг хүртэл бодлогын судалгааны ажил эрхэлж багйаад 1988 оноос Хятадын хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд суужээ. Энэ албыг нэг жил хашаад Хятадын барилгын баннкны дэд дарга болж 1994-2007 оныг хүртэл ерөнхийлөгчийн албыг хашжээ. Мөн тэрээр Хятадын түүхэнд анхны хөрөнгө оруулалтын банк болох“Хятадын олон улсын хөрөнгө оруулалтын компани”-ийг байгуулсан юм. 2004 оноос Хятадын нийслэл Бээжин хотын даргаар томилогдон “Бээжин 2008” зуны олимпыг амжилттай зохион байгуулж байсан түүхтэй. Тэр жилдээ түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр тодруулсан юм. “Хятадын хуулийг зөрсчөн хэн ч дарга, цэрэг ялгалгүй хууль эрх тэгш үйлчилнэ. Хууль хэнийг ч тойрох ёсгүй” гэж Ван Цишан ярьж байжээ.

2. Жек Ма

Англи хэлний багшаас дэлхийн технологийн салбарын аварга загас болтлоо оргилд хүрч чадсан түүнийг Хятадын хамгийн нөлөө бүхий эрхмийн хоёрдугаарт эрэмбэлжээ. “Алибаба” гэх энэ этгээд нэрэнд Хятадын гэх ямар нэгэн онцлог агуулагдаагүй боловч энэхүү цахим хуудас цахим худалдааны дэлхийн хамгийн том жишээ болсоор, бодлогыг тодорхойлсоор байна. 47.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэрээр Хятадын цахим ертөнцийн ирээдүйг, тэр бүү хэл дэлхийн цахим  ертөнцийн ирээдүйг өөрчилнө хэмээн мэдэгдсээр буй. Өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр тэрээр хэдхэн цагийн дотор хэдэн арван тэрбумаар хэмжигдэх бараа, бүтээгдэхүүнийг интернетээр зарж чадсан нь дэлхий нийтийг гайхуулж байлаа. Өнөө цаг үед амьдарч байгаа 50 аугаа удирдагчийн тоонд түүнийг санхүүгийн “Форчун” сэтгүүл нэрлэсэн нь азийн бизнес эрхлэгчдээс нэрлэгдсэн анхны тохиол болжээ.

Жекийн үзэл бодол Хятадын эрх баригчидтай тэр бүр нийцээд байдаггүй цахим орчинд Хятад улс ямар бодлого баримтлах вэ гэдгээ түүнээс тодорхойлж байгаа гэхэд хилс болохгүй. Хятадын засаг захиргаа “Алибаба”-г хуурамч бүтээгдэхүүнийг ихээр дэлгэрүүлж байгаа гэж буруутгадаг ч тэрээр ирэх жилүүдэд компанийнхаа зүгээс энэ асуудлыг ухаалгаар шийдвэрлэхийн тул чадах бүхнээ хийнэ гэдгээ амлаад байна.

Ши Жинпин

Хятадын тав дахь үеийн удирдагч Ши Жинпин. Магадгүй Ден Сяопинээс хойш төрсөн Хятадын хамгийн аугаа удирдагч байх гэж Оксфордын их сургуулийн Улстөр судлалын тэнхмийнхэн үзэж байна. Магадгүй юм. Хятад улс өөрсдийнхөө засаглалыг “ардчилсан социализм” гэж нэрлэж, эдийн засгаа чөлөөтэй болгож, коммунист дэглэмтэй үлдсэн цөөн улсаа бодвол хөгжил дэвшил, түрийвчнийхээ хэмжээгээр тохой илүү яваа. Засгийн эрхэнд гармагцаа авилгалтай тууштай тэмцэнэ гэж мэдэгдэн “Үнэгний ав” ажиллагааг эхлүүлж одоогоор 150 гаруй мянган төрийн ажилтан, бизнес эрхлэгчдийг баривчлан хөрөнгийг нь хурааж, шийтгэл оноогоод байна. Гэвч хэвлэл мэдээллийг хянах, урлаг соёл, кино урлагийг цензурдэхээ хэзээ зогсоохоо мэдэгдээгүй.

Ямар ч байсан сүүлийн таван жилийн дотор Хятадын эдийн засаг унаагүй, алгуураар гэхдээ тогтмол өссөөр байна. Европын өндөр хөгжилтэй орнууд, Африкын улс орнуудад хөнгөлөлттэй зээл олгож, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаа мэдэгдсэн. Мөн түүнчлэн ойрын 10 жилд эдийн засгийн хөгжлөөрөө АНУ-г гүйцэж, дэлхийг тэргүүлнэ гэж төлөвлөөд буй.

Энэ таван эрхэм дүрээ мэдэгдэхүйц өөрчилж байгаа Хятадын шинэ нүүр царай болоод байна. Хоёр нь бизнесийн салбарт бүс нутаг төдийгүй дэлхийд тэргүүлж байгаа бол гурав нь их үндэстний жолоог гарамгай атгаж яваа. Хятадын тав дахь үеийн удирдагчид ямар ч гэсэн ирэх 10 жилдээ жолоо атгах нь гарцаагүй болоод байгаа энэ цаг үед ирэх 18-нд хуралдах Хятадын Коммунист намын 19 дэх их хурал анхаарал татаж байна. Шатрын хөлгөн дээрх хүчтэний нэрс энэ байлаа.

Б.Тулга 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин