• Эхлэл
  • Нийгэм
  • Хүртээмжтэй өсөлтийг хангахын тулд бодлогын шинэ чиглэл шаардлагатай байна:

Хүртээмжтэй өсөлтийг хангахын тулд бодлогын шинэ чиглэл шаардлагатай байна:

2017.12.06

Дэлхийн Банк Нийгмийн бүлэг, давхаргын урагш шат ахих нөхцлийг бүрдүүлж, бүх нийтийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах нь чухал.

Жакарта, 2017 оны 12-р сарын 4: Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд ядуурлыг бууруулж, амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр дэлхий дахинд хамгийн их амжилт гаргаад байгаа ба цаашид хүртээмжтэй өсөлтийг хангахын тулд өсөлтийн шинэ загварт шилжих шаардлагатай гэж Дэлхийн Банкны шинэ тайланд дурджээ.

Нийгмийн бүх гишүүдэд хүртээмжтэй өсөлт буюу ядуурлыг бууруулж, нийгмийн бүлэг, давхаргын урагш шат ахих боломжийг бүрдүүлэн бүх нийтийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын тулд улс орнууд амжилттай хэрэгжүүлж буй “эрх тэгш байдлыг хангасан өсөлтийн” загвараас хальж илүү хүчин чармайлт гаргахыг шаардаж байна. Учир нь нийгмийн бүлэг, давхаргуудын шат ахих ирээдүйн төлөв улам бүдэг, тодорхой бус болж байгаа учраас Амжилтын давалгаа: 21-р зуун дахь Зүүн Азийн гайхамшиг тайланд дурджээ. Орлого, баялаг, эд хөрөнгө нийгмийн тодорхой хэсэгт ихээр төвлөрч, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал бөгөөд ихэнхдээ чанар муутай хэвээр байна. Ялангуяа хүн ам хурдацтай насжиж, хотжилт нэмэгдэн, өсөлтийн хэтийн төлөв тодорхой бус зэрэг бүс нутгийн хэмжээнд шинэ сорилтууд тулгарч буй энэ үед бүх нийтийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах явдлыг улам хүндрэлтэй болгож байна.

Тэгш бус байдал бүс нутгийн хэмжээнд газар авсан асуудал болж байна. БНХАУ-ын хүн амын 90 гаруй хувь болон Филиппины хүн амын тэн хагас нь тэдний улс орон дахь орлогын тэгш бус байдал хэтэрхий том гэж боддог байна. Индонез улсын хүн амын бараг 90 хувь нь тэгш бус байдлын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол Вьетнамын хот суурин газруудын 10 оршин суугчийн 8 нь амьдралын хэм хэмжээ ялгаатай байгаад санаа зовнидог байна. “Зүүн Азийн бүс нутагт тэрбум орчим хүнийг нэг үе удмын дотор нэн ядуурлаас гаргаж чадсан нь түүхэн амжилт мөн. Гэвч хүртээмжтэй, оролцоот өсөлтийг хадгалахын тулд бүс нутгийн улс орнууд нэн ядуурлыг бүрэн устгах, эдийн засгийн хөдөлгөөний хэтийн төлөв байдлыг сайжруулах, бүх нийтийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгч Виктория Кваква хэлжээ.

1980-аад оны үед гол төлөв ядуу улс орнуудаас бүрдэж байсан тус бүс нутаг эдийн засгийн төрөл бүрийн бүлэг, анги бүхий дундаж орлоготой улс орнуудтай бүс нутаг болон шинэчлэгджээ. 2015 оны байдлаар бүс нутгийн хүн амын бараг гуравны хоёр нь эдийн засгийн хувьд баталгаажсан эсвэл дундаж давхаргад хамаардаг болсон нь 2002 онд мөн үзүүлэлтээр хүн амын дөнгөж тавны нэг гаруй хувийг эзэлж байсантай харьцуулахад ихээхэн нэмэгджээ.

Нэн ядуу болон дунд зэргийн ядуусын эзлэх хувь 2002 онд хүн амын тал орчим хувь байснаа 2015 он гэхэд нйит хүн амын наймны нэг хүртлээ буурсан байна. Гэвч ядууралд дахин өртөх магадлалтай буюу өдөрт 3.10-5.10 ам долларын орлогоор амьдарч буй эмзэг бүлгийн эзлэх хувь 2002-2015 оны хооронд хүн амын дөрөвний нэг орчим хувь хэвээр байна. Хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэсэн бодлого нь эдийн засгийн хувьд ялгаатай нийгмийн бүлэг, давхаргад ялгаатай асуудлууд тулгарч байгааг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг шийдвэрлэх хэрэгтэй. Харин нэн ядуу хүмүүст чиглэсэн бодлого нь тэдний эдийн засгийн боломжийг хязгаарлаж буй саад бэрхшээлийг шийдвэрлэх, эдийн засгийн олон салбарыг хамарсан өсөлтийг тогтвортой болгосноор орлогын ангиллаар шат ахихад ядууст тусална. Эрүүл мэнд, дэд бүтэц гэх мэт үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлж, эрсдэлийг удирдлагын механизмыг сайжруулснаар эдийн засгийн хувьд эмзэг бүлэгт туслах болно. Эдийн засгийн хувьд баталгаажсан буюу нийгмийн дундаж орлоготой бүлгийн хувьд нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал бол орон сууц, ус, эрүүл ахуй гэх мэт нийтийн үйлчилгээний чанар, хангамжийг сайжруулах явдал юм. Энэхүү бодлогын хөтөлбөр нь гурван үндсэн чиглэлээс бүрдэнэ.

Эдийн засгийн хөдөлгөөнийг дэмжих гэсэн эхний чиглэлийн хүрээнд ажлын байр, үйлчилгээний хүртээмжийн дутмаг байдлыг шийдвэрлэх, ажлын байрны чанарыг сайжруулах болон санхүүгийн оролцоог хөхиүлэн дэмжих хэрэгтэй. Нийгмийн халамжийн тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, цочролд тэсвэртэй, уян хатан байх чадварыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад тусална. Нөөцийг нэмэгдүүлэх прогрессив татварын бодлого ашиглан, төсвийн зарцуулалтын үр ашиг олон нийтэд хүртээмжтэй байдлаар хийдэг болох нь гурав дахь буюу институцуудуудыг бэхжүүлэх чиглэлд орж байна.

Хүн амын насжилт болон хотжилт хурдацтай өсөн нэмэгдэж буй асуудлыг зохистой удирдаж, өрсөлдөөнийг сайжруулах нь ч ач холбогдолтой юм. "Хүртээмжтэй өсөлтийг хангах бодлогын хөтөлбөр нь бүсийн улс орнуудын засгийн газруудын хувьд нийгмийн шинэ гэрээний үндэс суурийг бий болгох боломжтой. Бодлогын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгүүд нь төсвийн орлогыг үр ашигтай, шударга, эрх тэгш байдлаар нэмэгдүүлж, төсөв санхүүгийн хувьд хариуцлагатай байхын зэрэгцээ эдийн засгийн ялгаатай нийгмийн бүлэг, давхарга бүрийн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэнэ" гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ерөнхий эдийн засагч Судхир Шетти хэлэв.

Тус тайланд улс орнуудыг тавтаар бүлэглэж тухайн бүлэгт хамаарах тохирсон бодлогыг санал болгожээ. Нэн ядуурлыг ерөнхийд нь эцэслэж чадсан, хүн амын томоохон хэсэг нь дундаж орлоготой бүлэгт хамаардаг Малайз ба Тайланд орны хувьд "Прогрессив хөгжил цэцэглэлт" бүлэгт хамаарах бөгөөд хүн амын ялгаатай байдлыг шийдвэрлэхэд нөөц бололцоогоо дайчлахын зэрэгцээ дундаж давхаргын хүсэл эрмэлзлэлд нийцсэн бодлого хэрэгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгөх нь зүйтэй. “Ядуурлаас хөгжил цэцэглэлт рүү” бүлэгт хамаарах БНХАУ ба Вьетнамын хувьд хүн амын томоохон хэсэг нь эдийн засгийн хувьд баталгаажсан эсвэл дундаж давхаргад хамаарах улс орон болж байна. Эдгээр улс мөн дундаж давхарга болон эмзэг иргэдийн хэрэгцээ, хүсэл эрмэлзлийг шийдэхэд анхаарахын зэрэгцээ хурдацтай өсөн нэмэгдэж буй хүн амын насжилтанд бэлтгэх нь зүйтэй. Индонез, Филиппин, Камбож улс нь нэн ядуурал багатай боловч хүн амын дундаж давхаргын хэмжээ бага хэвээр байгаа учраас “Нэн ядуурлаас гарах” бүлэгт багтсан бөгөөд эдийн засгийн хөдөлгөөнийг сайжруулах, нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийг нэгтгэх асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх нь зүйтэй. Лаос, Папуа Шинэ Гвиней зэрэг хөгжил удаашралтай байгаа орнууд нэн ядуурлын түвшин өндөр хэвээр байгаа тул суурь боловсролд хөрөнгө оруулах, санхүүгийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн хөтөлбөр, уян хатан байдлыг бэхжүүлэх замаар ядуурлыг түргэн хугацаанд бууруулахал анхаарах шаардлагатай ажээ.

Номхон далайн орнууд бусад улс орнуудаас өвөрмөц ялгаатай учраас төрийн бодлогыг аялал жуулчлал, загасчлал зэрэг эдийн засгийн байгаа боломжоо ашиглах, хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөний боломжийг хөшүүрэг болгон ашиглах, гамшгийн аюулыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд хөрөнгө оруулах чиглэлд илүү төвлөрүүлэх шаардлагатай байна. Хөгжиж буй Зүүн Ази хамтын өсөлтийг хангаснаар олон сая хүнийг хурдацтай, өргөн цар хүрээтэйгээр хэрхэн ядуурлаас гаргаж болохыг харуулж чадлаа. Эдгээр бодлогыг хэрэгжүүлснээр бүс нутгийн улс орнуудад тулгарч буй шинэ сорилтуудыг үр дүнтэйгээр даван туулж, хүртээмжтэй өсөлтийг хангах боломжтой.

Эх сурвалж:Дэлхийн банк 

Англи эхийг ЭНД дарж уншина уу

For English version please visit HERE

 


ИХ УНШСАН
    Сэтгэгдэл:
    Сонин хачин