• Эхлэл
  • Ж.Батзандан албан бусаар нээлттэй сонсгол хийх нь

Ж.Батзандан албан бусаар нээлттэй сонсгол хийх нь

2017/12/14

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар томилох асуудлаар нээлттэй сонсгол явуулах шаардлагатай гэж УИХ-ын 22 гишүүн санал гаргаад байгаа. Гэвч өнөөг хүртэл нээлттэй сонсгол явуулах эсэх тухай албан ёсны мэдээлэл гараагүй, ажлын хэсэг болон байнгын хороо хуралдах гэсэн боловч ирц бүрдээгүй гэсэн мэдээлэл л байгаа юм. Тэгвэл  өнөөдөр УИХ-ын чуулганы үеэр Б.Хурцын томилгоотой холбоотой  асуудлыг маргааш чуулганаар хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн байна. Нээлттэй сонсгол хийхийн тулд 900 хүний гарын үсэг цуглуулах шаардлагатай. Ийм хэмжээний гарын үсэн байхгүй тул асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ, эсвэл  Ерөнхийлөгч Элчин сайдын асуудлаа татаж авах боломжтой гэсэн тайлбарыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлжээ.

Харин үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар /2017.12.14/ мэдээлэл хийлээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН:

-Б.Хурцын асуудал бол ганц хүний асуудал биш. Гэтэл нээлттэй сонсгол хийх хүсэлтийг Байнгын хорооноос Байнгын хороо руу шилжүүлээд, иргэдийн өргөдлийг хэлэлцэх бодол алга. Өргөдлийн байнгын хороо өргөдлийг нээлттэй хэлэлцэхийн тулд 900 хүний гарын үсэг аваад ир гээд яриад сууж байна. Энэ УИХ-ын гишүүдийн ихэнх нь барьцаанд байна. Тиймээс гарын үсэг зурсан 22 гишүүн цөөдөхгүй. Бидний тэмцэл өнөө, маргаашдаа мухардалд орж мэднэ. Гэхдээ маргааш өргөдөл бичсэн иргэдийг цуглуулаад, нээлттэй сонсгол хийхээр болсон. Ийм эрх гишүүдэд бий гэж ойлгож байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД:

-Өнгөрсөн хугацаанд нийгэмд гарсан шударга ёсны ухралт, хүний эрхийн зөрчлийг бид уудалж ярих цаг болсон. Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлаж, ард түмэн баялгийн эзэн байх бололцоог хаахыг оролдож байна. Хууль эрх зүйн тогтолцоо 1990 оноос өмнө хүний эрхийг хязгаарласан, иргэдээ барьцаалсан байдалтай байсан. Ийм зүйлийг өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийх гэж байна. Энэ бол маш том бүлэглэлийн үйл ажиллагаа гэдэг нь илэрхий харагдаж байна. Бид Үндсэн хуулиа хамгаална. 

Ингэхээр маргааш УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар албан бусаар Нээлттэй сонсгол хийх бололтой. Нэгэнт УИХ-ын Байнгын хорооноос нээлттэй сонсгол хийх боломжгүй гэж үзсэн бол "хэргийн эзэн" Б.Хурц энэ сонсголд ирж оролцох нь юу л бол???

А.Ану 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин