• Эхлэл
  • Манай ноёнд толгой байл уу?

Манай ноёнд толгой байл уу?

2017/12/15

Нэг ийм үлгэр байдаг даа. Эзэн ноён нь мориноосоо унаад толгойгоо гээчихсэн байхыг олсон барлагууд нь “Ингэхэд манай ноёнд толгой байл уу?” хэмээн гайхаж яддаг.

–Намайг нэг удаа айхтар загнахад сахал нь хөдөлж байхыг л нүдний булангаар ганц удаа харсан.

-Харин намайг зандарч байхад тэр сахал дээр нь нэг ширхэг будаа наалдсан байхыг би бас харсан...

Сүүлийн 2-3 жилийн Монголын улс төрийн амьдрал иймэрхүү л дүр төрхтэй болчихоод байна. Монголын төрд ер нь толгой байна уу? Толгой байх ёстой намууд нь үзэл санаа, үнэт зүйл, үйл хэргээрээ нэг нь нөгөөгөөсөө ялгараад байх зүйлгүй, эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгөний төлөө эвцэлдсэн хулгай, дээрмийн бүлгэрхүү юм болчихсон.

Хамгийн сүүлд бодлого, мөрийн хөтөлбөр ярьж сонгуульд орсон нам гэвэл 2012 оны сонгуулиар Н.Алтанхуягийн тэргүүлсэн АН. Үйлдвэржилтийг дэмжинэ, хүний эрхийг дээдэлсэн хуулийн тогтолцоотой болно гэх мэт зорилт нь тухайн үедээ л шинэ байлаа. Нөгөө хүүхдийн 10 мянга, Тавантолгойн хувьцаа эдрийг бодвол шүү дээ. Харамсалтай нь Н.Алтанхуягийн цэргүүд өөрсдөө замын дундаас мориных нь хөлийг хугалаад, ноёныхоо толгойг хагалаад явсан л даа. Үүнд тухайн үеийн Ерөнхийлөгчийн оролцоо бий гэх ч нэг хүнээр хөнтрүүлдэг нам гэж хаана байх билээ. Нам нэртэй бүлэглэлийнх нь байж байгаа царай тэр.

МАН-ын хувьд ч ялгаагүй. УИХ-ын сонгуульд ялснаасаа хойш жил гаруйхны дараа 65 суудалтай нам нь засгаа огцруулаад шинэ намын дарга, Ерөнхий сайдтай болсон ч одоо энэ засаг нь МАН-ынх уу, МАНАН-гийнх уу? гэдэг нь ялгарахаа байчихаад байгаа. Ү.Хүрэлсүх гэдэг хүн Х.Баттулга Ерөнхийлөгчтэй нийлж “МАНАН”-гийн шинэ эзэн болохоор яваа юм уу даа. Угаасаа засгаа огцруулдаг хурал дээр л шинэ, хуучин сайд нарынх нь хоорондын хэрүүлээс У.Хүрэлсүхийн Засгийн газрын зорилго тодорхой болсон билээ. “Өрссөн нь ид” гэдэг ганцхан хууль Монголын улс төрд үйлчилж байна. Улс төрийн хоёр том нам нь өдгөө төрийн тогтолцоог нураагч, голлон бузарлагч, улс орныг ялзруулагч болов. Б.Баабарын хэлсэнчлэн, 17 жилийн өмнө ардчиллын төлөөх намууд нэгдэж АН-ыг байгуулж байх тэр үед хожим нь хулгайч, луйварчид, идээчин уугаачид, гэмт хэрэгтэнд эзлэгдэх бузрын үүр болон өөрчлөгдөхийг тэр үед хэн ч төсөөлөөгүй биз.

Хоёр нам өнгөн дээрээ улстөрийн зах зээлд орон зайгаа булаалдан бие биенээ хэмлэх боловч шийдвэр гаргах дээрээ тулахаар харилцан хуйвалдаж, хамтран хулгайлж шамшигдуулдаг нэгэн цул бүлэглэл болсон нь ч үнэн. Тиймээс өчигдөрхөн сонгогчдын гуравны нэгийг эзэлж байсан МАНАН-г жигшигчид (өнгөрөгч зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нийт сонгогчдын 31 хувийн санал авсан шалтгааныг өөрөөр тайлбарлах аргагүй) хүрээгээ тэлэх асар том орон зай бий болчоод байна. Юнивишний 903-р сувгаар цацагдаж, залуучуудын дунд газар аваад байгаа Дамбажаа ноёны цуврал бол манай төрийн жинхэнэ нүүр царай юм. Үүнээс зугтаах арга замыг Б.Баабар “АН-д нэгдсэн МСДН, МҮАН-ын аль нэг нь энэ нэгдлээс гарч, 1990 онд эхлүүлсэн үзэл санаа, улс төрийн байр суурин дээрээ эргэж очвол МАНАН-г үүсгэж байгаа нэг бүлэглэл үгүй болж, МАНАН задрах юм” гэв.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар бас өөр зүйл ярьж байна. УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулья гэж. Гэвч нэмэгдэхүүний байрыг сольсноор нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй шиг нэгэнт бохирлогдсон хөрсөн дээр хэдэн ч удаагийн сонгууль явуулаад үр дүн нь яг адилхан л гарна. Харин улс төрийн гол тоглогч болсон хоёр намд хүмүүсийн итгэл алдарч, жигшин зэвүүцэж эхэлсэн нь бол бодит байдал. Гэвч дахиад хоёр жил энэ хэвээр явбал жигшил нь зуршил болж хувираад “Ингэхэд манай ноёнд толгой байл уу?” хэмээн дальдарч суухыг хэн мэдлээ. Угаасаа ч хэн нь ноён юм, толгой нь хаана явааг таахын аргагүй болчихоод байгаа.

Ц.ЗАЯА


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин