Манай байрыг төр хураачихлаа

2018.01.09

Ингэж ярих бололцоо хэдийн бий болчихоод байна. Хоёр жилийн өмнө ипотекийн буюу орон сууцны найман хувийн зээлд хамрагдсан иргэдийн тоо 80 мянга даваад байлуу. Түүн дээр цалин, тэтгэврийн зээл гээд банкнаас хамааралгүй хүн гэж барагтай байхгүй болсон...

Өнгөрөгч пүрэв гаригт УИХ-ын гурван гишүүн (Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар) нар мэдээлэл хийж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид буцаан авсан тухайгаа зарлав. Ингэхдээ “Монголын зэс” корпорацийн Оросын талд төлсөн 400 сая 270 мянган ам.долларыг Хөгжлийн банк, Монголбанкнаас ХХБ-нд байршуулсан мөнгө, ноогдол ашиг, вексел болон Сэлэнгэ аймагт төмөр зам бариулахаар аж ахуйн нэгжтэй байгуулсан 217 тэрбум төгрөгийн концессыг хүчингүй болгож суутгалд оруулахаар (нийт дүнгээр нэг их наяд 340 тэрбум төгрөгийг харилцан суутгах) шийдвэрлэжээ.

Нэгдүгээрт, “Монголын зэс” корпораци нь 49 хувийг Монголын төрөөс худалдаж аваагүй, Оросын Засгийн газраас, тодруулбал Оросын төрийн өмчит “Ростехнологи” компаниас худалдаж авсан. Тэгэхээр “төрийн өмчид буцааж авлаа” гэдэг мэдэгдэл худлаа болж таарах нь. Угаасаа ямар ч баримт, үндэслэлгүй худал цуурхал тараагаад түүнийхээ араас хөөж ажлаа хийдэг нь Ардын намынхны башир арга л даа. Одоо иргэдийн олонхи нь энэ үгэнд нь итгэчихсэн “Төр өмчөө буцааж авах нь зөв. Эрдэнэт бол Монголын ард түмний өмч” гэсэн юм яриад завж нь хөөсөрч суугаа. Хэрвээ “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголын төрийн өмч байсан юм бол “Монголын зэс”-ийнхэн яагаад Оросын талд мөнгө төлсөн байж таарах вэ?

Хоёрдугаарт, гурван гишүүний хийсэн мэдэгдэл, Засгийн газраас гаргасан шийдвэр хууль ёсных уу?

Болсон явдал юу гэхээр, “Монголын зэс” корпорацитай хэлцэл хийж, тус компанийн эзэмшилд байгаа 49 хувийг төрийн өмчид авахыг Засгийн газарт үүрэг болгосон УИХ-ын тогтоол жилийн өмнө гарсан. Гэвч Засгийн газар 49 хувийг худалдаж авах, төлбөрийг хэрхэн хийх талаар тус компанитай ямар нэг хэлцэл хийгээгүйгээр үл барам хууль зөрчин төрийн өмчид шилжүүлсэн. Шударгаар хэлбэл дээрэмдсэн. Төрийн өмчид бүртгэж авсан уг үйл ажиллагаа хууль зөрчжээ, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь хуулийн дагуу “Монголын зэс” корпорацийн өмч юм байна аа гэдгийг гурван шатны шүүхээр тогтоосон. Оны өмнөхөн дээд шүүхийн шийдвэр гарсан.

Гэтэл сая Засгийн газрын гурван гишүүн “УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр хоёр сарын хугацаанд нөгөө талтай хэлцэл хийсний үр дүнд ийм шийдвэрт хүрсэн” гэв. Харин маргааш нь “Монголын зэс”-ийнхэн хэвлэлийн бага хурал зарлаж, “Засгийн газар бидэнтэй ямар ч хэлцэл хийгээгүй” гэлээ. Хэлцэл ч гэсэн хуулийн дагуу явах ёстой. Нэг тал нь саналаа хэлж, нөгөө тал нь хүлээн зөвшөөрч, хоёр тал харилцан тохиролцож байж хууль ёсны хэлцэл болдог. Харин тийм зүйл болоогүй гэдгийг “Монголын зэс”-ийнхний хийсэн мэдэгдэл батлаад өглөө. Тэр байтугай Засгийн газраас ийм тогтоол гарахын чинээ санаагүй байсан бололтой юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлд “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Өмчлөгчийн эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэсэн байна. Тэгвэл хуулийн ямар үндэслэлээр “Монголын зэс” корпорацийн өмчид халдсан бэ? гэдгээ тайлбарлах ёстой.

Өмнөх Засгийн газрын үед “Эрдэнэт”-ийн 49 хувиар оролдож эхлэхдээ МАН “Төрийн мөнгөөр худалдаж авсан. Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ зөрчсөн” гэх цуурхлыг тараасан. Гэвч энэ цуурхлаа батлах боломжгүй, баримт байхгүй учраас шууд дээрэмдсэн. Одоо ч тэр дээрмээ л дахин давтан хийж байна. Үгүй гэвэл энэ шийдвэрээ хамгаалсан нэг ч гэсэн хуулийн үндэслэл гаргаж ирэх хэрэгтэй биз дээ. “Монголын зэс”-ийн Оросын талд төлсөн төлбөрийг барагдуулна гэсэн нь ч хэлцэл хуулийн дагуу болсон гэсэн үг биш. Өмчийн эзэн “Би худалдаагүй ээ” гэж байхад “би худалдаж авсан” гэж зүтгээд байгааг ямар хэлцэл гэх вэ?

“Монголын зэс” бол хувийн компани, ХХБ-наас зээл авсан, эсхүл банк хөрөнгө оруулсан ч байж болно. Засгийн газар ч бас тус банкны нэг л харилцагч, түүнээс биш банкны эзэн биш. Яахав, мөнгөө ХХБ-нд байршуулсан байж болно. Тэглээ гээд өөрийн байршуулсан мөнгөө татаж авна уу гэхээс өөр хүний өмчид суутгаж авдаг хууль байхгүй. УИХ Засгийн газрыг “Монголын зэс”-тэй хэлцэл хий гэснээс банк дээрэмд гээгүй. Ингэчихээд “Бид УИХ-ын тогтоолыг биелүүлсэн” гэж ярих эрх Засгийн газарт байхгүй.

Ухаандаа иргэн Дорж найман хувийн зээлээр орон сууц авчээ. Төлбөрийн 50 хувийг төлөөд 50 хувийг нь банкнаас зээлсэн байг. Гэтэл жилийн дараа манай Засгийн газар “Таны байрны талыг төр авч байна. Зээлийн санхүүжилтийг Засгийн газар гаргасан учраас банк хамаагүй” гэсэнтэй ялгаагүй. Ингэж хэлэх бололцоо бодитой бий болчихоод байна. Өр тавьж сонгуульд ороод өлөн цөөвөр шиг болчихсон энэ намд хийж чадахгүй ч юм алга. Өнөөдөр өөр нэг хүний өмчид халдаж байгаа төр маргааш танай гэрт ороод зурагт, хөргөгчийг чинь тэврээд гарахад байг гэх газаргүй. Одоо тэгээд алгаа таших уу, яах?

Б.СЭМҮҮН

 


ИХ УНШСАН
    Сэтгэгдэл:
    Сонин хачин