• Эхлэл
  • “Багануур”-ын өмнөөс Засгийн газарт талархахын учир

“Багануур”-ын өмнөөс Засгийн газарт талархахын учир

2018/07/03

“Багануур”-ын өмнөөс Засгийн газарт  талархахын учир

Улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээний бараг  далан  хувийг хангадаг, Улаанбаатарчуудыг дулаан, цахилгаантай тайван амьдрахад гол үүрэг гүйцэтгэдэг  “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийг дэмжсэн тогтоолыг Засгийн газраас батлаад удаагүй байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын улсынхаа эдийн засгийг  дэмжсэн сайн шийдвэрийн нэг гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Эрчим хүч, дулаан  доголдвол эдийн засагт ямар том хохирол ирэхийг төсөөлөхөд бэрх. Наад зах нь л үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ хийж чадахгүй, компаниуд хэвийн ажиллах аргагүйд хүрнэ.  Тэр утгаараа яах аргагүй эдийн засгаа дэмжсэн шийдвэр. Дулаан, эрчим хүч хэрэглэж байгаа хүн бүр энэ шийдвэрт талархах учиртай.  Эрчим хүчний салбарынхан ч “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг  нүдээ олсон, цагаа мэдэрсэн сайн шийдвэр гэж  олзуурхаж байна. “Багануур” ХК-ийн хувьд  олборлосон нүүрснийхээ 90 хувийг эрчим хүч үйлдвэрлэгч дулааны цахилгаан станц, дулааны станцуудад нийлүүлдэг юм.

Өнгөрсөн тавдугаар сард гарсан уг тогтоол зургаан заалттай. Өөрөөр хэлбэл засгийн зүгээс Багануурын  уурхайг зургаан зүйлээр дэмжихээр болж.

Өрийн дарамтгүй болгоно

Эхний дэмжлэг нь Багануурын өртэй хамаатай. Засгийн газар тус компанийн өрийг  нүүрсний уурхайд оруулсан хөрөнгө оруулалт болгож тооцохоор болоод байна. 37 тэрбум 729 сая 800 мянган төгрөг гэдэг бол их мөнгө. Ийм хэмжээний өрийн ачааллаас гарна гэдэг Багануурын уурхайн хувьд том дэмжлэг. Гүний усны шүүрэлт, хөрс хуулалтын хоцрогдол, техник технологийн шинэчлэл  гэж ирээд яривал шийдэх ёстой олон асуудал уурхайд бий. Монгол улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлийн эрчим хүчний хэрэглээ  гэхэд л огцом өсөх зураг аль хэдийнэ гарчихсан.  Тэгэхээр Улаанбаатарт ойрхон байрлалтай Багануурын уурхайн хувьд ахиу нүүрс олборлох зайлшгүй хэрэгцээ үүсчихсэн гэсэн үг. Их хэмжээний  нүүрс олборлохын тулд юуны түрүүнд техник технологийн шинэчлэл гэх мэт асуудлуудаа шийдэх шаардлагатай. Багануурын уурхайд асуудлуудаа шийдэх боломжийг  Засгийн газар тогтоол гаргаад олгочихлоо. Өрийн дарамтгүй бол олсон мөнгөөрөө хоолой дээр тулаад ирсэн асуудлуудаа шийдээд явах боломж нээгдэнэ.

Багануурын өр үүссэн түүх  хүндэтгэх шалтгаантай.  Ерээд оны шилжилтийн  үед хүнд байдалд орсон  салбаруудын нэгд эрчим хүч багтсаныг монголчууд андахгүй. Ийм хэцүү цагт “Багануур” ХК  төмөр замын тээвэртэй ашиглалтын  системийг автын тээвэртэй системээр  солих,  тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр Дэлхийн банкнаас 26.5 тэрбум төгрөг, Япон улсын Засгийн газраас 19.6 тэрбум төгрөгийн  зээлийг Сангийн яамаар дамжуулан  авч байсан юм. Уурхай авлага, өглөгийн харьцаа алдагдсанаас болж зээлээ төлөх боломжгүйд хүрээд байж. Дулааны станцууд алдагдлаасаа болж авсан нүүрснийхээ үнийг төлөлгүй уддаг, нүүрсээ зах зээлийн үнээр борлуулж чаддаггүй нь төрийн өмчтэй уурхайнуудын гол зовлон байдаг. Өр, зээлээ төлөхөд хүндрэл учирсан нь цаанаа ийм учиртай.

Багануур ХК-ийн хувьд төдийгөөс өдий хүртэл өрөө төлсөөр ирснийг бас онцлох учиртай. Өнгөрсөн хугацаанд буюу 2012-2017 онд “Багануур” ХК зээл, зээлийн хүүгийн төлбөрт 10.1 тэрбум төгрөг төлсөн гэх статистик бий. Засгийн газар өнгөрсөн сард гаргасан шийдвэрээрээ үлдсэн өрийг нь шийдэж өгсөн гэсэн үг. Өрийн үлдэгдлийг шийдчихсэн болохоор “Багануур” ХК ирэх гуч, дөчин жилдээ хэвийн дажгүй ажиллах юм билээ. Тогтоолын төсөлд “Багануур” ХК-ийн богино хугацаат өр төлбөрийг барагдуулахад шаардлагатай мөнгийг хянаж, дотоод нөөц боломжиндоо тулгуурлаж шийдэхийг онцолсон заалт ч бий.

Асуудлаа шийдэхэд нь санхүүгээр дэмжинэ

Засгийн газраас гаргасан тогтоолын хоёрдугаар заалтад “2018-2020 онд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээтэй уялдуулан “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн үйлдвэрлэлийн найдвартай хэвийн ажиллагааг тасралтгүй хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийн шинэчлэл зайлшгүй хийх хөрөнгө оруулалтад шаардагдсан хөрөнгийн эх үүсвэрийг судлан шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-д даалгасугай” гэсэн өгүүлбэр дурайж байна. 40 дэх жилдээ ажиллаж байгаа Багануурын уурхайн гол асуудал нь хэдэн арван жил ашиглаж, засч сэлбэсээр өнөөг хүрсэн хуучин техникүүд. Олон жил парк шинэчлэлээ хийж чадаагүй “Багануур” компанид техникүүдээ шинэчлэх амин хэрэгцээ бий. Уурхайн машин техник гэдэг өндөр үнэтэйгээрээ онцлог байдаг. Сайн чадлын ганц том машин гэхэд л тэрбумаар үнэлэгддэг онцлогтой салбар. Тэгэхээр хэрэгтэй санхүүжилтийг нь шийдэж өгөхөөр болсон засгийн шийдвэрийг цагаа олсон дэмжлэг гэж онцлохоос аргагүй.

Нүүрсний үнийг нааштайгаар шийдэхэд анхаарна

“Багануур” ч гэлтгүй Дулааны станцад нүүрсээ нийлүүлдэг компаниудын хувьд зах зээлд шилжсэнээс хойш нүүрсний үнэ том асуудал, толгойны өвчин нь  болсоор өнөөг хүрсэн. Төр стратегийн ач холбогдолтой гэдэг утгаар нь эрчим хүчний салбарт онцгойлж ханддаг.  Ийм шалтгаанаар  эрчим хүчний үнэ өдий болтол төрийн хараанд бий. Тэр утгаараа уурхайнуудад олборлосон нүүрсээ зах зээлийн жамаар нь зарах боломж байдаггүй. Нүүрсээ бага үнээр зарна,  нүүрсийг нь худалдаж авсан дулааны цахилгаан станцууд мөнгөө өгөхгүй удаана гэх мэт олон зовлон байдаг тухай өмнө өгүүлсэн. Засгийн газраас өнгөрсөн сард баталсан тогтоолын төслийн дөрөв дэх заалтад “Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний үнийг судлан холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хороонд даалгасугай” гэж онцолжээ. Нүүрсний үнийг нааштай шийдээд өгчихвөл “Багануур” ХК-д том дэмжлэг болох нь эргэлзээгүй.  

Лицензийн маргааныг шийднэ

Сүүлийн үед Багануурын уурхай тойрсон халуун сэдэв бол лицензийн маргаан. Уурхайн лицензийн асуудал 2006 оноос эхлэлтэй.  Маргаан дагуулсан лиценз бүхий талбайд тус ордын нөөцийн 53 хувь буюу 430 сая тонн нүүрсний нөөц бий. Стратегийн ач холбогдолтой энэ ордын лицензийн асуудалд Засгийн газраас анхаарч шийдэхийн төлөө ажиллахаар болжээ. Энэ тухай тогтоолын төслийн тавдугаар заалтад онцгойлон заагаад өгчихөж.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нар Засгийн газраас Багануурын ордын лицензийн маргааныг эцэслэн шийдвэрлэхийн төлөө эрчтэй ажиллаж, тус ордын хил заагийг тогтоох үүргийг аваад  байна. Багануурын уурхай жилдээ 10 сая тонноор олборлолт хийнэ гэвэл Монголын эрчим хүчний нүүрсний эрэлтийг бүтэн жарны турш таслахгүйгээр хангана гэсэн тооцоо бий.

            Бид Эрдэнэт, Оюу толгой бол том төсөл, эдийн засгийн цусны эргэлт гэж ирээд онцлон ярьдаг хэрнээ эрчим хүч, дулаантай байлгадаг Багануур, Шивээ-Овоог төдийлөн ойшоодоггүй. Үнэн хэрэгтээ Эрдэнэт, Оюу толгой хэдэн өдөр зогсоход амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Харин Багануур, Шивээ-Овоогийн уурхай ганц өдөр зогсолт хийж нүүрсний нийлүүлэлт тасрахад улс даяараа цахилгаан, дулаангүй хэцүүднэ.  Шивээ-Овоо, Багануурын уурхайгаа бодлогоор дэмжсэнд Засгийн газарт талархаад байгаа нь ийм учиртай. 

ЭХ СУРВАЛЖ:"Өдрийн сонин"

Б.Доржханд  


 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин