• Эхлэл
  • Хотын дарга С.Батболдыг АТГ-д шалгуулна

Хотын дарга С.Батболдыг АТГ-д шалгуулна

2018/08/23

Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын дарга Су.Батболд нь албан тушаалаа урвуулан ашиглаж "Макс групп" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ганбаатарт хууль бусаар газар эзэмшүүлсэн хэмээн өмгөөлөгч Г.Нацагдорж үзэж Авлигатай тэмцэх газарт хандлаа.

Тэрбээр  “Макс групп" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Улсын тод манлай уяач Ганбаатар нь Хан-Уул дүүрэгт морин тойруулга барьж ашиглах зориулалтаар 2000 онд Яармагийн тавдугаар хороонд 70 га газрыг өөрийн нэр дээр авсан. Гэвч Д.Ганбаатар нь Газрын тухай хуульд заасан газрын төлбөрөө олон жил өгөхгүй байснаас болж 2015 онд тус газрын зөвшөөрлийг цуцалсан.

Харин С.Батболд хотын дарга болсны дараа 2018 онд А/726 тоот тушаалаар цуцалсан байсан газрыг "Макс групп" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ганбаатарт буцаан олгосон. Ингэхдээ С.Батболд нь анх 70 га газар байснаас 54.1 га газрыг Д.Ганбаатарын нэр дээр буцаан өгч, үлдсэн 15.9 га газраас нь 2.2 га газрыг өөрийн шадар туслах Э.Анарын нэр дээр мөн 2.2 га газрыг түүний хамаарал бүхий хүн байж болзошгүй Б.Оюун-Эрдэнийн нэр дээр тус тус гаргасан. Э.Анар нь одоо С.Батболдын шадар туслахаар ажилладаг бөгөөд ямар үндэслэлээр ийм их хэмжээний газар авсан болохыг мөн С.Батболд нь Ганбаатарт газар олгохдоо яагаад тодорхой хэсгийг таслан авч өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр гаргасан болохыг шалгах шаардлагатай.

Мөн Э.Анар нь С.Батболдын төрсөн ах С.Энхболдын хүүхэд байх магадлалтай. Түүнчлэн Д.Ганбаатар нь газраа буцаан авах зорилгоор тодорхой хэсгийг С.Батболдын хамаарал бүхий этгээдүүдэд өгсөн нь авлигын шинжтэй байна" гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: 24tsag.mn

Р.Хишигжаргал


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин