• Эхлэл
  • Хомроглон цалин нэмэхүй

Хомроглон цалин нэмэхүй

2018/09/05

Нэг талаас цалин нэмсэн, нөгөө талаас хангалттай нэмсэнгүй гэх “тэмцэгч” талуудын хооронд хэдий хэмжээний зөрүү байна вэ. Засгийн газар анх багш сувилагч нарын цалинг 12-30 хувь нэмлээ гэсэн. Гэтэл тэмцэгч-үйлдвэрчний эвлэлийнхэн 8-12,5 хувь л нэмнэ гэсэн гэж буй. Нэг харахаар 30 хүртэл нэмчихээд байхад 15 хувь нэмэх ёстой гэж орилоод байгаа юм шиг. Нөгөө талаасаа 8-хан хувь нэмчихлээ 15 хувь болгох ёстой гэж байгаа юм шиг.

Хамгийн сонирхолтой, бүгдийн цалинг 15 хувь ижил тэгш нэмэх ёстой гэсэн үгс тэднээс сонсогдож байна. Яг  л социализмын үеийнх шиг ижил тэнцүү, эрх тэгш.

Харин үүнийг багш бус жирийн иргэд ойлгож чадахгүй байна. Багшийн цалин бага уу бага. Нэмлээ гэхэд түүнтэйгээ адилхан сургалтын чанар, багшийн чадавхид шаардлага тавих ёстой гэсэн шүүмжлэл өрнөж байгаа нь мэдээж зүй ёсны зүйл.

Нөгөөтэйгүүр анги удирдаггүй, цөөхөн цагийн хичээл заадаг, хүүхдүүдтэйгээ ажилладаггүй багш, өдөржингөө хүний нялх үрстэй зууралдаж, гарыг нь барьж байгаад А үсэг зуруулдаг, шөнөжингөө сурагчийнхаа дэвтрийг шалгаж суудаг багш хоёрын цалинг яг адилхан тэв тэгш 15 хувь нэмнэ гэдэг шударга уу? Бүр наад зах нь таван сурагчтай Төв аймгийн Сэргэлэн сумын сургуулийн багш, 60 хүүхэдтэй Баянхошууны багш хоёр адилхан цалинтай байна гэдэг шударга уу? Бүр бүдүүлэгдүүхэн хэлэхэд борви тэнийхтэйгээ болсон 5- ангийнхныгаа дараагийн багшид нь хүлээлгэж өгөөд, дахиад л зургаан настнуудыг тосон угтдаг багш, 12-р ангиа төгсгөчихөөд алт, монетан ээмэг, бэлэг сэлт авч зогсоо багш хоёр яг адилхан цалинтай байх ёстой юу? Бүр муугаар хэлэхэд үдээс өмнө цөөхөн цагийн хичээл заачихаад, үдээс хойш төлбөртэй давтлага, зөвхөн “онцчуудын” сонгон хичээллүүлж суудаг багш цалингаа мөн л 15 хувь нэмүүлэх ёстой гэж үү?

Ийн тоочоод байвал олон л тэгш бус зүйл гарч ирнэ. Уг нь хөдөлмөрийн бодит үнэлэмж, тооцоол гаргаж, шат дараатай, үндэслэлтэйгээр цалинг нэмэх. Гол нь багш, хүүхдүүдийн сурах, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх нь чухал баймаар. 60 хүүхэдтэй ангид хөлсөө гоожуулан, шохой залгин зогсох бус 30 хүүхэдтэй хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллах нь чухал. Хүүхдийг хүн болгохын тулд үлдсэн хэдэн төгрөгөөрөө орой яаж хоол хийх вэ гэж толгойгоо гашилгахгүй, сургууль төгсч буй жаалуудаас чихрийн цуглуулга, хивс бэлгэнд авах гэж горьдож зогсохгүй байх нь чухал. Зөвхөн 45 минут хичээл заасныхаа төлөө бус хүүхдэд гэрийнх нь даалгаврыг хийхэд туслах, хүн болоход нь хөл болж байгаагийнхаа төлөө ч хангалттай хөлс авах чухал. Харин буруу харж амандаа бувтнаж, хэдэн тоо биччихээд цалин муу байна гэж гонгинох хэн нэгний цалинг хүссэнээр нь нэмээд байх хөрөнгө байхгүй, угаасаа Засгийн газарт.

Ийм үй олон асуудлууд байсаар атал тэр бүхнийг тэгшитгэх “социалист” санаачилга хуучин коммунизмын үеэс гаралтай үйлдвэрчний эвлэлээс л гарах байх. Дараагийн нэг зүйл нь цаг хугацааны хүчин зүйл нь хичээлийн жилийн нээлт гэх жилдээ ганцхан шанс. Хүүхдүүдийн инээд нулимс болж болох, эцэг эхчүүд гар өргөн бууж өгөхөөс өөр аргагүй энэ ганцхан үеийг үйлдвэрчний эвлэлийнхэн анасан мэт тэмцлийнхээ бай болгодог. Далимд нь төрийн бусад албаныхны цалин хавсайдаж нэмүүлэх, дэнжигнэж байгаа Засгийн газрыг айлгах, зарим нэг удирдагч нь улс төрийн тоглолт болгох шанс болгодог нь аймшигтай.

Хамгийн хорлонтой нь цалингийн нэмэгдэл хэмээх заримын хувьд баярт мэдээ барааны үнийг хөнгөхөн хөдөлгөчихдгийг та бид юу эс андахав. Ганцхан жишээ 2007 онд төсвийнхний цалинг нэмэхэд байрны үнэ суга өсч байсныг санаж байгаа байх аа.

Төрийн байгууллагынхны цалингийн нэмэгдэл ийн бусдад гох дэгээ болдог. Үндсэндээ нэмэгдсэн нэртэй ч хэрэглээнийх нь нэмэгдсэн үнэд шингээд төрийн байгууллагынхандаа ч бас хоол болохгүй. Магадгүй багш та өнөөдөр багахан хувь цалингаа нэмүүлсэн ч барааны үнийг нэмэгдэлд цалингаасаа эс хохирох вий. Тиймээс би л хувьдаа төсвийн байгууллагынхны цалинг сууриар нь бүү нэмээсэй.  Харин чадварт тохирсон үнэлгээ, хангамжтай байгаасай л гэж боддог. Яагаад гэвэл чанаргүй сургалт авахын мөрт бас барааны үнэнд дээрэлхүүлмээргүй байна.

Уучлаарай багш нараа, бид ч гэсэн зээлтэй, үр хүүхэдтэй. Цалингаа нэмүүлээгүй байж цалин нэмэх сургаар өсчихдөг инфляцид цугтаа өртмөөргүй байна. Тэр тусмаа цалин нэмсэн, нэмүүлсэн гэх улстөржсөн шоуны золиос болмооргүй байна.  

Эцэст нь цалин нэмүүлэх үйлдвэрчний эвлэлийн шаардлага бол мэдээж зөв. Гэхдээ жилийн ганцхан эмзэг “сезьон”-ыг далимдуулж, сургууль хичээлээр далайлган байж, гуя дагуулж хүзүү гэгчээр бүх төсвийн байгууллагынхны цалинг нэмэх коммунист шаардлага ганцхан удаа тавиад бусад үед нь хотын төвийн байраа компаниудад түрээслүүлсэн шигээ ажин түжин суухгүй, орчин үеийн боловсон аргаар үе шаттай, үндэслэлтэй шаардлага тавьж нэхэл хатуутай байгаарай даа, тэмцэгч-үйлдвэрчний эвлэлийнхээн.

А.Туяа

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин