• Эхлэл
  • Хөгжлийн банк “хөлд орж”, хөгжилд хөтөлж байгаа юу

Хөгжлийн банк “хөлд орж”, хөгжилд хөтөлж байгаа юу

2018/09/26

Хөгжлийн банк том л доо. Монголын төр энэ банкинд зориулж хууль баталсан төдийгүй, 2017 онд дахин шинэчлэн найруулсан билээ. 2011 онд байгуулагдсан тус банкинд өмнөх  Засгийн үед хөрөнгө төвлөрүүлэхээр нийтдээ 6 их наядын бонд босгосон. Улсын төсвийн нэг жилийн орлоготой дүйцэхүйц энэ их хөрөнгийг чухам юунд зарцуулав, үлдэж хоцорсон,  үр дүн нь юу билээ гэдэг нь харин тодорхойгүй.  Аливаа юм тодорхойгүй байх тусмаа араасаа хар сэр дагуулдаг.  Энэ л жишгээр  Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эргэлзсэн сэтгэхүй өнөөдөр ч байсаар байна.

Хөгжлийн банкны баримтлах зарчмын нэг нь ил тод байдал гээд хуульчилсан. Гэсэн хэрнээ Хөгжлийн банк эдүгээ улам бүр чимээ алсарч, Монголын хөгжлийг хөдөлгөж чадаж байгаа эсэх нь нэг л бүрхэг болчихож.

Хөгжлийн банкны баримтлах зарчмын нэг нь ил тод байдал гээд хуульчилсан. Гэсэн хэрнээ Хөгжлийн банк эдүгээ улам бүр чимээ алсарч, Монголын хөгжлийг хөдөлгөж чадаж байгаа эсэх нь нэг л бүрхэг болчихож.

АН-ын Засаглалын үед  тус банк сайн саараараа хэлүүлдэг, хаана юунд хэдий хэмжээний санхүүжилт олгож байгаа зэрэг нь ихэнхдээ ил тод байсан санагдах юм. Тухайн үеийн удирдлагын баг нь алдаа эндэгдэл, үргүй зардал, дүрэм журам зөрчсөн үйлдэлдээ үүрдэг хариуцлагаа хүлээгээд байгаа. Олон нийтэд тодорхой болсноор 1,3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэж байв. Аль ч талаас нь харсан бага тоо биш.

Энэ бүхэн өмнөх сургамж, харин одоо дээрх алдаа завхралыг хэрхэн засч залруулж, Монголын хөгжилд түүчээ болж чадаж байна уу гэдэг нь олон нийтийн тухайд хариулт хүлээсэн асуулт хэвээрээ байна.

Өмнөх захирал Н.Мөнхбатын үед банкны удирдлагуудын тансаглал хэрээс хэтэрч, нэг ажилтан нь цагаан сарын золголтод гоё дээл өмссөний учир 3,5 сая төгрөгөөр шагнуулж байв. Гадаад томилолтын зардлаар гараа угааж байсан гэлцдэг.

Гэвч “Хөгжлийн банкны гадаад дотоод томилолт, хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ, зарим зардал зэрэг нь эргээд Б.Батбаяр захирлыг “юм”-нд унагаж мэдэхээр байгаа” тухай хоёр жил шахмын өмнө  өдөр тутмын нэгэн сонинд бичиж байсан нь бий. Ингэж харвал өмнөх тансаглал өнөө ч үргэлжилж байгаа  биш биз гэж хардах шалтгаан болно.

Тус банкны зорилго тодорхой. Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах, тус дэмээ өгөх явдал. Түүнчлэн Экспортыг дэмжих. Импортыг орлуулах үр ашигтай том төслүүдийг санхүүжүүлэх ёстой.  Тэр үүргээ хангаж чадаж байгаа юу?

Энэ хүрээнд “Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн төсөл”-ийг тус банк хэрэгжүүлж байгаа гэх.  Мэдээж, энэ хөтөлбөрийн зорилго нь  Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж орлогыг өсгөх, гадаад худалдааны бүтцийн зохистой байдлыг хангах, импортыг орлох, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих явдал бөгөөд  эдийн засгийн үр ашиг талаасаа  Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл хангагдаж, эрдэс баялгийн бус экспорт нэмэгдэх учиртай. 

Гэвч энэ зорилго хангагдаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Тухайлбал, энэ оны эхний найман сарын байдлаар аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортын эзлэх хувь өмнөх жилийн мөн үеэс  0.7 нэгж хувиар буурсан байна. Түүнчлэн импорт 38%-иар буюу 1,048 сая ам.доллараар өссөний зэрэгцээ худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 479 сая ам.доллараар буурсан гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл  ерөнхий зургаараа өмнөх түвшингээсээ ухарчээ. Энэ нь  тус банкны хэрэгжүүлж буй хөтөлбөр үр дүнгээ өгөөгүй байгааг л ямар нэг хэмжээгээр илэрхийлж буй хэрэг.   Аливаад үр дүн л хэрэгтэй. Тухайлбал, уул уурхайн бус Монголын  бренд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчидтэй хамтран дэлхийн зах зээл дээр гаргах  боломж бий.

Хөгжлийн банкны хөдөлшгүй үүргийн нэг нь Монгол улсын  санхүүгийн зах зээл дээр шаардлагатай байгаа эх үүсвэрийг олж ирэх. Ингэхдээ дан ганц зээл, бондоор бус. Хөрөнгө оруулалтын өөр олон арга хэлбэр байж болно. Жишээ нь, хамтын зээл буюу хамтын хөрөнгө оруулалтаар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломж их бий.  Энэ хүрээнд ОХУ-ын эксим банкнаас ХАА-н тоног төхөөрөмж шинэчлэхэд санхүүжүүлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлсэн нь сайшаалтай ч ийм арга хэлбэрээр өрхийн үйлдвэрлэл, хүнсний ногоо тариалагчдыг санхүүгээр дэмжих бүрэн бололцоо байгаа мэт. Ингэвэл ажлын байр нэмэгдүүлэх тус банкны нэг эрхэм зорилго хангагдах бус уу. 

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тухайн төсөлд таарсан санхүүжилт, хөрөнгө оруулалтыг оруулж ирэх нь Хөгжлийн банкны үүрэг хэдий ч энэ тухайд гялайж гялтайх юм сонор мялаахгүй л байна.

Иргэдийн хувьд Хөгжлийн банк Монголыг хөгжүүлж байна уу гэж ерөнхий утгаар нь харна. Харамсалтай нь тэр бүхэндээ тодорхой хариултгүй байна.

Өмнөх хуулинд Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг УИХ-ын хаврын чуулганаар баталдаг байсан.  Одоо шинэ хуулиар Хөгжлийн банкнаас  санхүүжүүлэх хөтөлбөр төслийг УИХ болон Засгийн газраас тусгайлан баталж өгөхгүй. Ямар төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээ Хөгжлийн банкны ТУЗ олонхийн саналаар шийддэг болсон. ТУЗ нь 9 гишүүнтэй. Тэгэхээр энэ 9 хүний хүсэл зорилго, сонголтоор асуудал шийдэгдэнэ гэсэн үг. 

Ингэж хуульчилсан нь тус банкны үйл ажиллагааг улс төрөөс ангид байлгах гэсэн орлдлого байх. Гэвч энд ашиг сонирхлын зөрчил, танил тал, хэн нэгний лобби, аль эсвэл эрх  мэдэлтний үүрэг даалгавар  хавчуулагдахгүй гэсэн баталгаа хэр байх бол.  Эргэлзэх л асуудал.

 ЭХ СУРВАЛЖ:24barimt.mn

Г.Хантулга


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин